Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаяр нь 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ээс ТАЗ-ийн орон тооны гишүүнээр ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах нас нь болсон тул төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр гаргасан байна. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи дэмжиж, Д.Батбаярыг ТАЗ-ийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
ТАЗ-ийн орон тооны гишүүний нэгийг Засгийн газраас өргөн мэдүүлэх журмын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Т.Хадхүүг ТАЗ-ийн орон тооны гишүүнээр томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. ТАЗ нь дарга, орон тооны хоёр, орон тооны бус дөрвөн гишүүнтэй байдаг бөгөөд орон тооны хоёр гишүүний нэгийг Засгийн газар, нөгөөг нь УИХ-аас өргөн мэдүүлдэг дэгийн дагуу Засгийн газраас Т.Хадхүүг өргөн мэдүүлж байгаа юм байна. ТАЗ-ийн орон тооны гишүүн нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 40-өөс дээш насны төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой аж.
Т.Хадхүү нь төрийн албанд олон жил ажилласан, ТАЗ-ийн орон тооны гишүүн байх боломжтой гэж үзэн, байнгын хорооны 13 гишүүнээс 10 нь дэмжиж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.