
Шинэчлэлийн Засгийн газар нь дөрвөн жилийн хугацаанд 150 мянган иргэнийг ажилтай болгох зорилт тавиад байгаа юм. Иргэд тогтмол ажлын байраар хангагдсанаар амьдрал ахуйгаа хөтлөөд явах бололцоотой болох тул орон нутагт ажлын байр бий болгох ажлыг хувийн хэвшлүүд гүйцэтгээд явах ёстой. Харин Засаг дарга нар ямар мэргэжлээр хөдөө дэх ажилгүй иргэдээ сургаж, мэргэжил эзэмшүүлэн ажлын байраар хангах хэрэгцээтэй байна вэ гэдгийг орон нутаг дахь ажил олгогч нартай ярилцаж нэг ёсны захиалгынх нь дагуу мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зуучлах үүрэг хүлээх аж. Тиймээс Хөдөлмөрийн яам нь Барилга хот байгуулалтын яамтай хамтран эхний ээлжинд барилгын чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр зорьжээ. Энэ хүрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав барилгын компанийн удирдлагуудтай саяхан санал солилцсон байна. Барилгын компаниудын зүгээс “Мэргэжлийн шаварчин, өрлөгчинөөс эхлээд олон талын мэргэжилтэй ажилтан барилгын салбарт хэрэгцээтэй байна. Гол нь бид тэдгээр ажиллах хүчнээ тогтмол ажлын байраар хангахын тулд төрөөс компаниуд тууштай дөрөв таван жилээр тасралтгүй ажиллах тэр нөхцөл боломжийг олгох ёстой” гэсэн хүсэлт тавьсныг Засаг дарга нартай хийсэн уулзалтынхаа үеэр Хөдөлмөрийн сайд онцолж энэ чиглэлээр тодорхой зорилт тавин үүрэг даалгавар аваад байгааг энэхүү чуулга уулзалтын үезэр мэдэгдсэн юм. Дараа нь Засаг дарга нараас энэ чиглэлээр юу хийвэл илүү үр дүн дагуулах боломж бололцоо байна вэ гэдэг дээр санал бодлыг нь сонссон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам хамтран ажиллахаар зарим нэг ажлууд эхэлснийг маш чухал алхам болсон гэж тэмдэглэлээ. Гэхдээ анхаарах зүйлүүд бий. Жишээ нь, барилгажуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд иргэн бүр тогтмол орлоготой байх ёстой. Үүний тулд иргэд ажилтай байна гэсэн үг. Хөдөлмөрийн яамнаас иргэдийн сарын орлогын талаар судалгаа гаргасан байсан. Түүгээр бол сарын 1.5 сая төгрөгийн орлоготой иргэн 200 мянга, 1 сая төгрөгийн орлоготой иргэн 300 мянга байгаа. Ипотекийн зээл хэрэгжүүлэхийн тулд энэ орлогын үзүүлэлт чухал. Тийм учраас ипотекитэй холбогдох асуудлаа Хөдөлмөрийн яаманд хариуцуулах ёстой.
Хоёрт, Засгийн газар орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлнэ гэж байна. Цаагуураа маш эрсдэлтэй. Жаахан мөнгө олсон компани юу юугүй орон сууц барихад бэлэн байна, тэр нь чанар стандартын шаардлага хангаж байх эсэх хамаагүй юм руу орчих гээд байна. Тийм учраас хөдөлмөрийн зах зээлийг зангидаж суугаа Хөдөлмөрийн яам энэ асуудалд бас анхаарлаа хандуулах ёстой. Гол асуудал нь иргэдийн сарын орлогоос ихээхэн хамаарна.
Хоёрдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төр эхлээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээсээ бараа, бүтээгдэхүүнийг нь худалдан авах ёстой. Төр бол маш том худалдан авагч болсон. Монголд телевизор угсраад байхад импортоор оруулж ирснийг нь худалдаж аваад байхаар яаж үндэсний үйлдвэрүүдээ дэмжих юм бэ. Төсвийн хөрөнгөөр гадаадын бүтээгдэхүүн худалдаж аваад байх нь манайхаас өөр оронд бараг байдаггүй үзэгдэл гэсэн юм.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам нь Барилгын яамтайгаа ярилцаад явж байгаа. Тийм учраас эхний ээлжинд дотоод менежмэнтээ хийх ёстой гэж үзээд иргэдээ ажилтай болгохоор зорьж байна. Ерөнхий сайдын зүгээс ч ипотекийн зээл дээр болгоомжтой хандах ёстойг анхааруулсан. Цаашдаа бол нэлээд төлөвлөгөөтэйгээр явах ажил.
Төр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих тухайд Хөдөлмөрийн яамнаас Оюутолгой, Тавантолгой гэсэн томоохон орд газрууддаа түшиглээд ажилчдынх нь хэрэглэж байгаа ажлын хувцас, бээлий, хоол хүнс, ус, ундаа гээд Монголд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг авах саналыг тавьж байгаа. Цаашлаад хүүхдийн цэцэрлэг, сургууль, цэргийн анги зэрэгт Монголдоо үйлдвэрлэсэн цагаан хэрэглэл, өөр бусад юу байна тэр бүгдийг худалдаж авах ёстой гэдэг шаардлага тавина. Бодож төлөвлөсөн ажлууд нэлээд байна, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс ч тавьж байгаа саналууд олон бий. Хөдөлмөрийн яам, шинэчлэлийн Засгийн газрын гол зорилго монгол иргэнээ ажилтай орлоготой болгох гэсэн юм.