
Кубын нийслэл Гавана хотод өнгөрсөн 10 хоногийн дотор холер буюу булчин задрах тахлаар 51 хүн нас баржээ. Тус улсын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр холер өвчний тархалт сүүлийн арван жилд байгаагүй өндөр хэмжээнд байгаа гэнэ. Гавана хотын Серро дүүрэгт орших хүнсний дэлгүүрийн худалдагчаас анх дээрх өвчний нян илэрсэн бөгөөд өдгөө тус дүүрэгт хорио тогтоож, хоолоор үйлчилдэг ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг хааж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авчээ. Халдвар тээгч худалдагч өмнө нь Кубын зүүн мужууудад гарсан холерын дэгдэлтийн үеэр нянгийн халдвар авсан гэнэ.
Өвчний халдвар, тархалтыг бууруулахаар хотын эмч нар айл өрхөөр нэг бүрчлэн очиж, үзлэг хийж байгаа аж. Булчин задрах тахлын улмаас нас барсан тохиолдол Кубад нэгдүгээр сарын 6-нд анх гарсан тухай BBC агентлаг мэдээлжээ.
Холер өвчин нь бохирдсон хоол хүнс болон усаар дамжин халдварладаг бөгөөд халдвар авсан хүнд суулгах шинж тэмдэг илэрч, эмчлэхгүй удвал үхэлд хүргэх аюултай байдаг байна.
Б.АНХТУЯА