Увсын хэргээр давж заалдана

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Увсын хэргээр давж заалдана

Увс аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор иргэн бүрт 100 мянга төгрөг тараасан гэх хэргийг тухайн үед иргэд Увс аймгийн Сонгуулийн тойргийн хороонд мэдэгдсэн ч  хууль зөрчөөгүй гэж үзсэн юм. Тиймээс иргэд Увс аймгийн захиргааны хэргийн шүүхт гомдол гаргасан бөгөөд тэдний гомдлыг хэлэлцээд тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон билээ. Энэхүү хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 15,30 цагаас болох юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эргүүлэн татах асуудал яригдах юм. 

Дашрамд дуулгахад, УИХ-ын сонгуулиар Увс аймагт мөнгө тарааж яваад үйлдэл дээрээ баригдсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй нэг ангид суралцаж төгссөн Н.Ариунтуяаг “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээрээс баривчилжээ. Орон гэрийг нь түрээслэх нэрийдлээр санал худалдаж авах зорилгоор мөнгө тарааж явсан түүнийг иргэн Б.Цэгээ “Сонгуулийн хууль зөрчиж мөнгө тарааж байна” гэж цагдаад мэдэгдэхэд нь хаалгыг нь эвдээд зугтсан юм. Хэдийгээр түүнийг Увс аймгийн цагдаагийнхан саатуулан байцааж байсан ч хэргээс мултарч, өнгөрсөн долдугаар сарын 2-нд Өмнөд Солонгос руу зугтаад байсан юм. Тиймээс энэ хэргийг шалгах ажил удааширсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаад ийнхүү эх орондоо ирэхэд нь баривчилжээ. Түүнд холбогдуулан ТЕГ эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Түүнийг саналыг нь худалдаж авах зорилгоор мөнгө өгөх гэж байхад нь Б.Цэгээ хэвлэл мэдээлэл болон цагдаагийн байгууллагыг дуудан барьж өгсөн.

Мөн УИХ-ын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нарын хүмүүс Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөх гэж байсныг иргэд баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэргийн анхан шатны шүүх хурал болж Увс  аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Лхагва, Т.Гансүх нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ял оноосон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн туслахаар ажиллаж байсан Я.Баттогтох, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сурталчилгаанд ажиллаж байсан УИХ-ын Байгаль орчны рефрентээр ажиллаж байгаад мөнгө тараасан хэргийн улмаас ажлаасаа халагдсан Ш.Чинбат нарыг шүүхээс УИХ-ын сонгуулийн тухайн хуулийг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ял торгууль ногдуулаад байгаа юм.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж