Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Төрийн ордонд чуулж байна. Чуулганыг нээж Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлын тухай танилцууллаа. Засгийн газар энэ онд бүтээн байгуулалтын их ажил өрнүүлнэ, энэ их ажлыг монголчуудаараа гүйцэтгүүлнэ. Тиймээс уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг ажиллах хүчин хамгийн ихээр шаардаж байгаа салбаруудад мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр тодорхой ажлуудыг эхлүүлсэн болохыг онцоллоо. Тухайлбал, нэгдүгээр сарын 10-наас эхлэн ажилгүй иргэдийг Хөдөлмөрийн биржээр дамжуулан бүртгэнэ. Нийт 6600 хүнийг Оюутолгой төслийн шугамаар тодорхой мэргэжлүүдээр бэлтгэнэ. Нийт таван сарын хугацаанд бэлтгэнэ. Хоёр сард нь суралцагчид номын дуу сонсох бол гурван сард нь үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Таван сар суралцах хугацаандаа нэг суралцагч 1 сая төгрөгийг цалин хэлбэрээр авах аж. Сарынх нь цалин 190400 төгрөг, үүнээс 140400 төгрөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байгаа мөнгөн дүн бол 50 мянган төгрөг нь хоол унааны зардал ажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь ажилгүй иргэдэд хамгийн том боломж, гол нь иргэд Хөдөлмөрийн бирж дээр аль чиглэлээр суралцах хүсэлтэй байгаагаа тодорхойлж бүртгүүлэх ёстой. Тэгээд дараа нь таван сар суралцаад мэргэжлийн үнэмлэхтэй болоод тодорхой компанид байнгын ажлын байраар хангагдах боломж ийн бүрдэж байгаа аж. Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд компаниудыг дэмжиж ажиллаж байна, тодруулбал, тухайн компани нэг суралцагчийг үйлдвэрлэлийн дадлага хийлгэхэд сард 65 мянган төгрөгийн тэтгэлэг авах аж. Мэргэжил үйлдвэрлэлийн сургуульд ч мөн нэг суралцагчаар тооцож 65 мянган төгрөгийг олгох юм байна. Ийм дэмжлэгийг хаа хаанаа үзүүлснээр ажилгүй иргэдээ мэргэжилтэй болгож улмаар өрх гэрийнхээ орлогыг бүрдүүлэх боломжоор хангагдана гэж Хөдөлмөрийн яам үзсэн байна. Тиймээс Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав аймгийн Засаг дарга нартай энэ асуудлаар тодорхой уулзаж ярилцах аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга нарт хандаж энэ тухай өгүүлэхдээ одоо та бүхэн аймаг бүртээ очоод аж ахуй нэгжийн удирдлагатай уулз. Ямар мэргэжлээр мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байна вэ гэдгийг ярилц, улмаар Хөдөлмөрийн яамандаа хандаж ажилгүй залуучуудаа сургахад анхаар. Эцсийн дүндээ та бүхний ажил хэдэн хүнийг ажилтай болгов гэдгээр үнэлэгдэнэ. Тиймээс иргэдээ ажилтай орлоготой болгох Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж ажиллах гол хүмүүс та бүхэн шүү гэлээ.
Бүтээн байгуулалтын томоохон ажил ирэх хавраас эхлэн өрнөнө. Үүнд барилгын салбарынхан гол үүрэг гүйцэтгэнэ. Хөдөлмөрийн яамныхан барилгын салбарынхантай уулзах үеэр компанийн удирдлагууд тасралтгүй ажилтай байх тэр бололцоог олгоод өг. Тэгвэл бид ажилчдыг улирлын чанартай ажиллуулахгүй тогтмол ажлын байраар хангаж ажиллах бололцоотой гэдгээ мэдэгджээ. Тиймээс Засгийн газар тендэрт шалгарсан компанийг өөр компанид тендэрээ үнэлж зардаг явдлыг таслан зогсоож анхны тендэрт ялсан компани нь ажлаа гүйцэтгээд явдаг тэр зарчимд шилжүүлэн ажиллах болно гэдгээ мөн дуулгалаа.
Г.ДАРЬ