“Нью-Йорк Никс” аварга болох боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

“Нью-Йорк Никс” аварга болох боломжтой юу?

Хөгширсөн Кидд, өмнө нь бүтэлгүйтэж байсан Фелтон нарыг авснаар “Никс”-ийн амжилтыг ингэж огцом өснө гэж хэн ч тооцоолж байсангүй. Тэдний амжилт огцом дээшилсэн, 1999 оны “Никс”-ээс хойш тус хотын баг ингэж хүчирхэгт тооцогдож байсан удаагүй. Түүгээр барахгүй багийн менежмент, хийж байгаа үйлдэл нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч эхэлсэн үед тэд Дорнод бүсийн гол өрсөлдөгчийн тоонд багтахаас аргагүй. Деррик Рөүсийн гэмтэл ч энэ тодотголыг улам бүр хүчтэй болгоно.

Хүснэгтэд хоёрдугаар байрт бичигдэж байгаа амжилт ч үүний тод илрэл болж байна. Гол нь тэдний урт удаан улирлын турш амжилтаа хадгалж чадах эсэхээс шалтгаалаад зургадугаар сард үлдсэн хоёр багийн нэг байх боломж бүрдээд байна.

Ингээд “Никс” багийн аварга авах боломжтой гэх таван шалтгаантай танилцацгаая.

1. Кармэло Энтони
– Энэ тоглогч хэрэв “Никс”-ийн эсрэг зодоон хийж, бүдүүлэг байдлаар үзэгчдэд харагдаагүй байсан бол “Наггетс”-ийн тэр улирал хийгээд, Мэлогийн хувийн амжилт өдийд өөрөөр бичигдсэн байж болох юм. Гэвч тэр жилээс дутахааргүйгээр барахгүй илүү тоглолтыг 2012-2013 оны улиралд үзүүлж байна. Улирлын өмнө “Олон оноо авахаас залхлаа. Одоо багт юу хэрэгтэй байна, түүнийг хийе” гэсэн үгнээс нь харахад тэр залуу тоглогчийн статусаа аль хэдийнэ ардаа орхижээ. Аварга авахад багт лидер тоглогч байх хэрэгтэй. “Никс”-т энэ асуултыг тавьбал тэд аваргад хөтлөх тоглогчоо аль хэдийнэ олсон.

2. Холбон тоглогчид – Жейсон Кидд талбай дээрх тоглолт нь ид үетэй нь харьцуулшгүй болсон ч түүний сэлгээний суудлаас өгөх зөвлөгөө, талбайг мэдрэх мэдрэмж, чухал үед гаргах шийдвэр зэрэг нь багт мөнгөөр худалдаж авч чадахгүй их туршлага авчирсан. Реймонд Фелтоны хувьд “Никс”-т илүү ухаалаг, холбон тоглогч тал дээр илүү туршлагажсан байдалтайгаар эргэн ирсэн. Хурд түүний давуу тал хийгээд, Жереми Линийг бодвол өөрөө оноо авч чадахаас гадна, бусдыгаа тоглуулах тал дээр хол илүү. Тод илрэл нь Тайсон Чандлерийн өнгөрсөн болон энэ жилийн амжилтын ялгаа. Хэдийгээр цөөн минут тоглож байгаа ч Пабло Прижионид дутахааргүй туршлага, мэдрэмж байна. Дээр дурдсан гурван тоглогч хамгаалалт сайтайд тооцогддог. Холбон тоглогчийн байрлалд үнэхээр санаа зовох зүйл алга.

3. Сэлгээний хүч
– Алтны хажууд гууль шарлана гэж. Жи Ар Смитэд ур чадвар залуу нас байсан бол одоо тэр сагсан бөмбөгийн ухааныг Кидд, Уоллэс, Кэмби гээд олон тоглогчоос суралцаж байна. Амаре Стадмайр сэлгээнээс тоглохоо зөвшөөрсөн гэхээр хамгийн аймшигтай сэлгээний баг бүрдчихсэн. Холын зайн өндөр хувьтай шидэлт, хурдтай довтолгоо, туршлага гэсэн үгс Смит, Новак, Амаре, Рашийд, Брүвэр гэсэн тоглогчдыг дагах болсон. Ямар ч дасгалжуулагч эдгээр тоглогчдоос болгоомжлоно уу гэхээс басахгүй.

4. Аварга болох хүсэл – Зургадугаар сард номер нэг байхын тулд тэрхүү амжилтаа юу юунаас илүү хүсэх хэрэгтэй. Яг одоогоор Мэло, Амарэ, Смит нарын аварга авах хүсэл Кэвин Дурант, Лэброн Жэймс, Коби Брайнтаас илүү оргилж байгаа. Өрсөлдөгч нь бүгд шахуу аварга болоод үзчихсэн. Үгүй юм аа гэхэд тэдэнд дараа дараачийн жилүүд гэсэн боломж бодитоор илүү байгаа. Тэгэхээр сүүлчийн боломж ч магадгүй энэ улирлыг зүгээр алдчихгүй юмсан гэсэн хүсэл Кармэло Энтони тэргүүтэнд бусдаас их байгаа гэдэгт итгэлтэй байна.

5. Туршлага – Кидд, Уоллэс, Чандлэр гэсэн тоглогчид аварга үзсэн туршлагатай, мөн олон жил сагсан бөмбөгийн талбайд байсан учраас тэд хэцүү үед яах ёстойгоо хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Магадгүй хувцас солих өрөөнд тэд бурханы мэт сургааль үгсийг хэлдэг байх. Түүгээр зогсохгүй талбай дээр тэднээс авч болох бүх зүйлийг нь Майк Вүүдсон авч чадаж байгаа нь гайхалтай. Кэнёон Мартин нэмэгдчихвэл бүр ч янзтай. Гэхдээ Никсийн туршлага үүгээр зогсохгүй. Багийн гол тоглогчид бүгд залуу насны ааг омгоо ардаа хийсэн бөгөөд хал үзэж хашир суусан. Мэло, Амаре, Жи Ар сэтгэл хөдлөлөө дарж чадвал сагсан бөмбөгийн хувьд тэд 10 жилээ төгсөх болчихоод байна.

Гэвч “Никс”-ийн талд бүх зүйл байгаа гэвэл эндүүрэл. Тэдний энэ урт удаан хүндхэн аялалд олон саад бэрхшээл байгаа нь зайлшгүй. Тэднээс хамгийн чухал гэсэн таван шалтгааныг олохыг зорилоо.

1. Бэртэл – ахмад тоглогчид олноор авсны уршиг нь тэд урт удаан аялал, бэлтгэл, тоглолтын ачааллыг даалгүй гэмтэл авдаг. Гялалзаж эхэлсэн Рашийд одоог хүртэл талбайд гараагүй байгаа бол Кэмби арайн хийн гэмтлээ эдгээгээд ирсэн ч сар хүрэлгүй дахин гэмтэв. Рэймонд Фэлтон, Кармэло Энтонигийн гэмтлүүд улирлын төгсгөлд тэднийг хүссэн амжилтаас нь холдуулах гол дайсан байж магадгүй.

2. Амарэ Стадмайр – Стадмайрийг энэ жагсаалтанд оруулсан гэхээр магадгүй та гайхах байх. Гэхдээ Майк Вүүдсоний багт одоог хүртэл идээшихгүй байгаагаас нь харахад улирлын дараах өрсөлдөөнд түүнээс тусламж авна гэдэг ээдрээтэй. Энэ хэвээр үргэлжилвэл Майк Вүүдсоний олгох минут цөөрч үүнээс болоод баг доторх уур амьсгал эвгүйтэж болзошгүй. Үгүй юм аа гэхэд Амарэ Стадмайрын “Лигт орсноосоо хойш хамгаалалтанд тоглож байсангүй” гэдэг тайлбарынх нь хохирлыг Никс талбай дээр амсах ёстой болно.

3. Майк Вүүдсон
– Майк Вүүдсон энэ багийг гайхамшигтай болгосон. Эрс шинэчлэлтийг авчирсан. Маргаангүй маш том үзүүлэлт хэдий ч түүхэнд зөвхөн ялагчид л үлддэг. Вүүдсон бидний мэдэх Атланта Хокс багийг удирдан улирлын турш гайхалтай байдаг ч плэйоффт амжилт үзүүлж чадаагүй. Түүний улирлын дараах улиралд цуглуулсан туршлага, аваргын төлөө өрсөлдөөнд шалгарчихсан байлаа гэхэд алдаа гаргахгүй гэсэн баталгаа үгүй.

4. Майами Хит – зөвхөн Никстэй биш, ОКС, Брүүклин, ЛАЛ, Клиппэрс гээд багуудтай харьцуулахад Майами Хитийн аварга авах боломж илүү. Аварга авсан бүрэлдэхүүн хэвээрээ төдийгүй, Рэй Аллэн, Рашард Льюис гээд томоохон зузаатгал хийсэн. Багууд их гуравт санаа тавидаг байсан бол түүн дээрээс нь Баттиер, Майк Миллэр, Марио Чалмэрс, Норрис Көүл гэсэн ройл тоглогчдыг мартаж болохгүй гэдгийг шигшээ цуврал харуулсан. Үүн дээрээс нэмээд Рэй Аллэний өндөр хувьтай холын зайн шидэлтэнд санаа зовох ёстой болсон. Хит мөн чөлөөт шидэлт тал дээр асуудалтай байсан бол Рэй Аллэн ирснээр 100 биш юм аа гэхэд 50 хувь шийдэгдсэн.

5. Талбайн давуу тал – Никс улирлыг талбай дээрээ хожигдолгүй эхлүүлж, Майк Вүүдсонтой үед Никс бараг хожигдоггүй гэдэг яриа Мэдисон Скуар Гардэнд гарчихсан байлаа. Үнэхээр ч тэд талбай дээрээ илүү байж чаддаг. Харамсалтай нь шигшээд шалгарах хүртэл тэдэнд талбайд давуу талыг хадгална гэдэг баталгаа байхгүй. Бүсийнхээ шигшээд шалгарлаа гэхэд Майамид эхлээд очих дүр зураг хүснэгтийн байдлаас яг одоо харагдана. Эерэгээр харж Майами Хитийг хожлоор гүйцэн шигшээд шалгарлаа гэхэд Өрнөдөд цуврал эхлэх магадлал өндөр байна. ОКС Клиппэрсийн өрсөлдөөн энэ улирлын шилдэг амжилтын босгийг өндрөөр тогтоох болно.

Тус багийн сул талууд “Никс”-ээс өөрсдөөс нь биш бусдаас шалтгаалах нь их. Тиймээс ч “Никс”-ийг шилдэг дөрөвт үлдэх боломжтой гэж харж байна. Сагсан бөмбөг сонирхогчийнхоо хувьд Мэлог аварга аваагүй гайхалтай тоглогчдын жагсаалтад биш, 2012-2013 оны улирлын MVP, Final-ийн MVP, NBA Champion гэсэн хүндэтгэлийг хүлээгээсэй гэж хүсч байна. Түүний туулж өнгөрүүлсэн замнал эдгээр шагналаас илүү гайхалтай мэдрэмжийг үзэгч бидэнд өгсөн учраас Мэло энэ шагналыг авах эрхтэй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж