
Яармагийн гүүрнээс Нисэх явах замд "Норд Бенц" маркийн автомашин толь болтлоо мөстсөн замын хальтаргаанаас болж замын хажуу дахь дулааны шугам руу унаад цагдаагийн хамгаалалтад дөрөв хонож байна. Учир нь, том оврын ачааны машиныг дулааны шугамыг гэмтээлгүйгээр татан гаргах асуудал дээр машины эзэд болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын хооронд багагүй маргаан үүсээд байгаа бололтой. Ослын газарт очиход 70 тоннын даацтай ачааны машин дулааны шугамыг мөргөж, машины арын хэсэг шугамын доогуур чихэгдэн орсон харагдав.
Нисэхийн зам руу өгсөх замд энэ сарын 12-ны 18.00 цагийн үед иргэдийн ажил тарж, замын ачаалал ихэссэн үед "Норд Бенц" маркийн дугуй ачиж явсан ачааны машины өмнө нь явсан суудлын автомашин гэнэт замын голд зогссоноор осол гарах шалтгаан болсон бололтой. Энэ талаар ачааны машины жолоочийн ах “Өмнө нь явсан машин гэнэт замын голд зогссоноос манай дүү тооромзоо дарахаас өөр аргагүй байсан. 70 орчим тоннын даацтай аварга машин энэ хальтиргаа ихтэй замд шууд л хойшоо ухарч гулгаад эхэлсэн гэсэн. Ард нь болон эсрэг урсгалд нь олон машин явж байсан тул дүү маань сайн жолооч тулдаа л хүний эд хөрөнгө, амь насыг хохироохгүйн тулд бүх аргаа хэрэглэсэн нь тодорхой байгаа юм. Бид дөрвөн өдрийн турш машиндаа ээлжээр хонож бараагаа харан, машинаа халааж байна. Одоо ч шатахуун дуусч байна. Манай машины нийт жин нь 25 тонн бөгөөд Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг юм. Харин бид 50 тонны даацтай хоёр кранаар машинаа өргүүлж, татуулж гаргах гээд байгаа юм. Даанч энэ Онцгой байдлын газрынхан машиныг тайрч гаргана гээд байна. Хэрэв машиныг минь тайрвал бид багадаа л 15 сая төгрөгийн өрөнд орох гээд байна. Замынхаа мөсийг арилгаагүй Тохижилт үйлчилгээний компани юм уу дүүргийнхэн тодорхой хэмжээний мөнгө өгөх байх гэж найдаж байна” гэж ярьсан юм.

Ямартай ч машины эзэд машинаа тэг дундуур нь тайруулахгүйгээр кран, татагч машин зэргээр гаргахыг хүсч байгаа учраас машинд ачсан дугуйнуудаа буулгаж суллахгүй байгаа гэнэ. Кранаар татаж гаргахад хоёр сая орчим төгрөг, харин тайруулахад 15 сая төгрөгийн хохирол амсах гээд байгаа аж. Энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын албаны эх сурвалжаас /өчигдөр/ хариулт авсан юм.
-Машиныг хэзээ гаргах гэж байгаа вэ?
-Өнөөдөртөө /өчигдөр/ багтаж ачаагаа бүрэн буулгахыг машины эздэд мэдэгдсэн. Бид осол гаргасан гэх машины жолоочоос төлбөрийг гаргуулж машиныг дундуур нь гагнуураар тасалж нэг хэсгийг нь дулааны шугамын цаана үлдээж, толгой хэсгийг нь татаж гаргана. Маргааш өглөө /өнөөдөр/ гэхэд асуудал шийдэгдэх байх.
-Машины эзэд машинаа тайруулахгүйгээр кранаар татаж гаргуулна гээд байгаа гэсэн?
-Кранаар гаргах нь бидний үзэж буйгаар тун осолтой байтал кранистууд нь ямар ч аюулгүйгээр ачааны машиныг татаж гаргана л гээд байгаа юм. Гэхдээ нийслэлийн иргэдийг дулаанаар хангаж байгаа сүлжээ тасарвал гэмтвэл хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь чухал. Эрсдэл гаргахгүйн тулд машиныг тайрч гаргана гэдэг шийдвэр нэгэнт гарсан гэлээ.




