
гишүүн асан Ц.Шинэбаярыг МАХН-ын уугуул нэрийг хамгаалж үлдэхийн
төлөө ганцаараа тэмцэл эхлүүлж явсан гэдгээрээ олон нийтэд илүү
танигдсан гэдэг. УИХ-ын 2008 оны сонгуулиар Дорнод аймгаас сонгогдож
байсан тэрээр МАХН-ын нэрээ авч үлдэхийн төлөө шаргуу хөөцөлдөж Дээд
шүүхэд бүртгүүлж дөнгөсөн ч төд удалгүй намын дэд даргын албан
тушаалаас татгалзаж, бүр сүүлдээ намаасаа гарах болсноо мэдэгдсэн нь
тухайн үед олон хүний гайхашрал төрүүлж байв. Ийнхүү тэрээр “Хамуг
Монголын хөдөлмөрийн нам” гэгчийг байгуулж, Дээд шүүхэд бүртгүүлэн улс
төрд шинэ залуу, чадварлаг хүмүүсээр хүч сэлбэнэ гэдгээ тунхагласан ч
харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй. Мэдээж үүнд түүний эрүүл
мэндийн байдал ч нөлөөлсөн байж болох талтай. Тэрээр сонгуулиас өмнөхөн
хоолойны хагалгаанд ороод, хэдэн сар үг хэлж, чанга ярьж чадахгүй
болсон. Гэхдээ өөрөө сонгуульд нам нь амжилт гаргаагүйн шалтгааныг
урьдчилан программчлагдсан, үр дүн нь тодорхой байсан гэж тайлбарладаг.
Өөрийн
үзэл бодол, улс төрийг харах өнцөг өөр гээд МАХН-аасаа гарсан ч дарга
Н.Энхбаярыг баривчлагдах үед өмөөрсөн нь түүнийг өнөөдөр шүүхээр
хэлэлцүүлэх шалтгаан болсон гэж тэрээр үзэж буй.
Монголчуудын
хувьд сайн санаж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахад хүчний
байгууллагынхны өмнөөс салаавч гаргаснаас эрүүгийн хэрэгт шалгагдах
болсон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Өөрөө бол хоолойны
хагалгаанд ороод удаагүй байсан ч хүн чанар гарган намын даргынхаа гэрт
очсон, тусгайгийнхан намын даргынх нь гэр рүү дайрч орж ирэхэд дуу
хоолой нь гарахгүй байсан учир арга буюу албан үүргээ гүйцэтгэж явсан
төрийн алба хаагч руу “салаавч” гаргасан гэж тайлбарлаж буй. Энэ тухай
тэрээр “Тэр өдөр тусгайгийн ажилтнууд орж ирээд “Гараа шилэндээ аваад,
газар хэвт” гэсэн. “Командыг чинь биелүүлж чадахгүй” гэхэд хэлснийг
маань сонсоогүй. Хоёр дахиа хэлсэн ч сонсоогүй. Тэгэхээр нь хариу үйлдэл
үзүүлсэн нь тэр. Яагаад би гараа шилэндээ аваад газар хэвтэх ёстой гэж.
Би тийм командыг хэзээ ч сонсч байгаагүй. Сонссон ч биелүүлж чадахгүй”
гэжээ.
Хэдийгээр өөрөө ингэж тайлбарласан ч манай хууль
хяналтынхан хэдийнэ хэрэг үүсгэн шалгаад, шүүхэд шилжүүлэн, гэм буруутай
эсэхийг хэлэлцэх анхан шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Хан-Уул
дүүргийн шүүхэд болохоор товлогдоод буй. Намын даргаа өмөөрч гаргасан
түүний үйлдлийг хуулийнхан Эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар “Төрийн
албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн
эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх үндэслэлээр
буруутгажээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцад
Ц.Шинэбаяр ч мөн хохирсон гэж тэрээр үздэг. Түүнийг салаавч гаргасны
дараа тусгайгийнхан буйдан дор дарж унагасан нь гэмтэлтэй байсан хоолойн
өвчинд нөлөөлсөн бөгөөд хагалгаа хийлгэсний дараа сонгуулийн өмнө
эдгэрэх боломжтой байсан хоолойны нь өвчин сэдэрсэн гэж буй юм. Мөн
өнөөдрийг хүртэл хоолой нь бүрэн эдгэхгүй байгаа нь Н.Энхбаярыг
баривчлах үеэр буйдан дор шахаж унагасан нь нөлөөлсөн гэсэн гомдолтой
явдаг гэнэ. Тэрээр “УИХ-ын гишүүний биед халдсан гэдгээр хууль
хяналтын байгууллагад гомдол гаргасан ч УИХ-ын дарга асан
Д.Дэмбэрэлийн “Энэ асуудлыг ингээд зогсооё. Цагдаагийнхан одоо
нэхэмжлэлээ татаж авна. Та нар ч гэсэн нэхэмжлэхээ татаж ав” гэх
ятгалгаар гомдлоо татаад авчихсан. Харамсалтай нь, энэ молиго үмхүүлсэн
хэрэг байж. Харин өдгөө өөрөө төрийн албан хаагчийн өмнөөс салаавч
гаргасан буруутан болж, шүүхийн өмнө ирчихээд байна” гэж байгаа аж. Энэ
мэтчилэнгээр тоочоод байвал өнгөрөгч 2012 он УИХ-ын гишүүн асан
Ц.Шинэбаярын хувьд азгүй ч гэмээр одгүй ч гэмээр жил байв. Гэхдээ
тэрээр “Эрүүл мэнд, хувийн ажлаа бодон амиа хоохойлохыг хүсэхгүй байгаа”
гэжээ. УИХ-ын асан Ц.Шинэбаярын хүчний байгууллагынхны шаардлагыг
эсэргүүцэж салаавч гаргасан гэх хэргийн шүүх хурал дээр дурдсанчлан
өнөөдөр болно.