Луврын музейн салбар Абу Дабид

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Луврын музейн салбар Абу Дабид

Францын алдарт Луврын музейн салбар 2015 онд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид нээгдэх тухай Эмиратын “Ар-Рауя” сонинд мэдээлжээ. Луврын энэ салбар “Абу Даби дахь Лувр” нэртэйгээр Саадият гэх хиймэл аралд байрлах юм. Тэр арал алсдаа Эмиратын соёлын томоохон төв болох бөгөөд Лувраас гадна Америкийн Соломан Гугенхем, шейх Зайедийн түүхийн музейн салбарууд бий болох гэнэ.

Луврын салбарыг Арабын ертөнцөд байгуулах төслийн нийт өртөг 2,4 тэрбум дирхам буюу 657,5 сая ам.доллар. Музейн барилгыг барих тендерт Эмиратын “Arabtec” тэргүүтэй хэсэг компанийн нэгдэл ялсан байна. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр музейн бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд 2014 оны сүүлчээр байгууламж бэлэн болсон байх гэнэ. Харин музей 2015 онд нээлтээ хийх ажээ. 

Луврын Эмират дахь салбарын төв байр нь орчин тойрны талбайн хамт 64 мянган кв.метр талбайг хамарна. Үзвэрийн танхимын талбай 6000 кв.м байхаас гадна түр үзэсгэлэн, хурлын танхимд зориулсан 3000 кв.м талбай байх ажээ.

Сонирхуулахад, олон тооны усны суваг, асар том шилэн бүрхүүл зэргээсээ хамааран музейн зочдод далайд хөвж буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ. Орчин үеийн техник технологиор музейн барилгыг өвч тоноглож, зочдын тав тухыг ч мөн бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж