Телевиз үү, онлайн уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Телевиз үү, онлайн уу?


2013 оны нэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно. Уг ёслолтой холбоотой мэдээлэл, нийтлэл, сурвалжлагыг мэдээллийн NEWS агентлаг, NEWS.mn сайт анх удаа өөрийн тусгай сурвалжлагчаар дамжуулан хүргэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ онд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг монгол хүн газар дээрээс нь сурвалжилж, харьцуулалт, ажиглалт, тэмдэглэл, сурвалжлага бэлтгэх нь уншигч та бүхний сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. Манай тусгай сурвалжлагч Б.Жаргалын АНУ-гаас ирүүлсэн дөхөв дэх нийтлэлийг хүргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, арилжааны шинж чанар

www.alaskadispatch.com сайтад өгүүлснээр АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид болох Барак Обама, Митт Ромни нар сонгуулийн үеэр нийтдээ секунд тутамд 30,33 доллар зарцуулж байжээ. Энэ мөнгөний ихэнхи нь сонгуулийн үеийн цуглаан, онлайн, хэвлэлийн болон телевизийн сурталчилгаанд зориулагдсан байна. Аравдугаар сарын дунд үе гэхэд хоёр нэр дэвшигчийн сонгуулийн кампани нийтдээ 1,7 тэрбум орчим доллар зарцуулсан нь сар бүр 79 сая доллар, өдөрт 2,6 саяыг зарцуулж байсан тухай Холбооны Сонгуулийн Хорооны тайланд дурджээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад гол өрсөлдөөн нэр дэвшигчдээс нэр дэвшигчдийг дэмжигчдийн өрсөлдөөн рүү шилжсэн мэт харагдаж байлаа. Учир нь сонгуулийн кампанит ажилд өгч буй хандивын энэ тоо түүхэнд тэмдэглэгдэх хэмжээнд хүрчээ. Нэр дэвшигч Барак Обама болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нар нийлээд бүртгэлтэй сонгогч бүрт 11, 75 доллар зарцуулсан байна.  Үүнээс өмнө, 1980 онд Ерөнхийлөгч Жимми Картер, Рональд Реган нар 2012 оны ханшаар нийтдээ 528 сая доллар зарцуулсан бөгөөд үүнээс бүртгэлтэй сонгогч бүрт 5 доллар зарцуулсан статистик байдаг аж.

Гэрэл зургуудыг www.theatlanticwire.com , www.choices.edu сайтуудаас авав.

Хэдийгээр сая сая хүн сайн дураараа сонгуулийн ажилд оролцож, өөрсдийн дэмжсэн нэр дэвшигчийн төлөө ажилладаг хэдий ч автобусанд нэг удаа суухдаа Монгол төгрөгөөр 3500 орчим төгрөг төлдөг энэ баян оронд сонгуулийн зардал хэр их гарах нь ойлгомжтой. Гэвч зарцуулж буй мөнгөнийхөө ширхэг цент бүрийн тайланг олон нийтэд танилцуулж байх үүрэг нь хуулиараа ч, ёс суртахуунаараа ч эн тэргүүнд тавигддаг. Голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, онлайн сурталчилгааны үнэ ханшийн хэлбэлзэл ч ил тод байдаг. Хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол Оросын талаар баримтлах миний бодлого энэ байна хэмээн телевизийн нээлттэй мэтгэлцээн хийдэг энэ оронд хэн нэгэн нэр дэвшигч аливаа нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тохирсон, сурталчилгааны гэрээний үнэ ханшийг нь нуух нь “Америк сонгуулийн араншин” яавч биш нь тодорхой. Бүх зүйл ил тод бөгөөд сүүлийн 2 удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн туршлагаас харахад хамгийн их хандив цуглуулж чадсан нь сонгуульд ялалт байгуулж ирсэн байна.

Гэрэл зургийг http://adage.com сайтаас авав.

Бид Америкийн хамгийн өндөр үнэтэй телевизийн сурталчилгааны үнэ тарифыг харж байна. Хэрэв та NBC телевизийн бүтэн сайны оройн хөлбөмбөгийн шууд нэвтрүүлгийн дундуур реклам цацахыг хүсвэл 30 секунд тутамд 545,142 доллар буюу Монгол банкны өнөөгийн ханшаар 760 орчим сая төгрөг төлөх болно. 1 минутанд нэг тэрбум 500 сая төгрөгний ханштай телевизийн сурталчилгаатай энэ оронд нэр дэвшигч Барак Обамагийн баг 404 саяыг телевизийн сурталчилгаанд зарцуулсан бол нэр дэвшигч Мит Ромнигийн баг 492 сая долларыг телевизийн сурталчилгаанд зарцуулжээ. Үүнээс хамгийн ширүүн өрсөлдөөнтэй Флорида мужид хамгийн их буюу хоёр нэр дэвшигчийн нийлбэр дүнгээр 175 сая доллар, хоёрт, Виржиниа 151 сая, гуравт, Охайяа мужид 150 сая доллар, нийтдээ энэ гурван мужид телевизийн сурталчилгаанд зориулсан нийт зардлын 60 орчим хувийг зарцуулсан тухай Вашингтон Постын сайтад дурджээ. Мөн статистикаар нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээний дараа нэр дэвшигч Ромнигийн багийн телевизийн сурталчилгааны зардал огцом өссөн үзүүлэлттэй байна.

Гэрэл зургуудыг www.news.mn-ий захиалгаар бэлтгэв.

             

Телевиз үү, онлайн уу?

Аль нь хүчтэй нөлөөлөх вэ гэж үү, эсвэл аль нь илүү ашигтай вэ гэж үү? Яаж ашиглахаас хамаарна гэчихвэл “бөөрөнхийлсөн” болчих байх. Тиймээс, шууд онлайн гээд хэлчихье. Учир нь Америкийн нийгэм бол интернэтэд суурилсан нийгэм. Бүх ажил вэбсайтаа нээхээс эхэлдэг гэвэл гайхах хэрэггүй. Учир нь телевизийг интернэтээс үзэж, сонин сэтгүүлийг интэрнэтээс уншиж болно. Интернэтийн хязгааргүй, нүдэнд үл үзэгдэх гайхамшгийг энд ердийн зүйл шиг болгосонд мэдээллийн технологийн эрин үеийн давамгай шинж оршино. Гэвч нэр дэвшигчид телевизийн сурталчилгаанд илүү мөнгө зарцуулсан. Учир нь интернэт бол илүү хувийн хэрэглээнд зориулсан эд. Нэг телевизийн дэлгэцийг нэг дор олон хүн үзэж болно, нэг компьютерийн дэлгэцийг арав хориулаа ширтээд суух боломжгүйгээс гадна утгагүй. Тэгээд ч хөлбөмбөгийн тэмцээнийг сайхан том дэлгэцээр “олуулаа”, орилж хашгирч үзэхгүй бол “мангар” хэрэг болно. Тиймээс телевизээр цацаж буй сурталчилгааны цаад зорилго нь хүмүүс бие биедээ нөлөөлж, багийн дэмжлэг үүсгэхэд оршдог аж.

Гэрэл зургийг www.news.mn-ий захиалгаар бэлтгэв.

Сонгуулийн сурталчилгааны үндсэн зорилго нь ялалт байгуулахад нөлөөлөх боловч аливаа нэг сурталчилгааг ганцхан зорилгоор хийдэггүй бололтой. Энэ нь тухайн хүнийг өөрт нь саналаа өгөхийг ятгахаас гадна, өөрийн найз нөхөд, гэр бүл ойр дотны хүмүүсээ сонголт хийхэд нь нөлөөлөх, дэмжигчдийн тоогоо нэмэгдүүлэх давхар давхар зорилгоор хийгддэг аж. Хэрвээ сурталчилгааны гол томъёололд анхаарлаа хандуулвал энэ ялгааг олж харах боломжтой юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж гуай “Шударга ёсыг тогтооно” хэмээн тухайн үедээ уриа дэвшүүлж байв. Энэ уриаг 2008 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн “Yes, we can” гэсэн уриатай харьцуулвал, нэг нь Ерөнхийлөгчийн институтцийн эрх мэдлийн цар хүрээг тунхаглаж, хийх ажлаа томъёолсон мэт, нөгөө нь хүмүүсийг уриалан дуудсан, ёстой л нөгөө “хошгируулсан” гэмээр харагдаж байна. Гэхдээ ийм харьцуулалтыг “судалгааны ажлын зорилгоор хийнэ” үү гэхээс, хоёр өөр соёл, хоёр өөр улс төрийн орчинд болж буй өрсөлдөөнийг хооронд нь харьцуулах нь “цаг үрсэн дэмий зүйл” болох биз…Гэвч хүмүүс америк сонгогчид “хошгирох” дуртай бололтой, нэр дэвшигч Барак Обамад хамгийн их санал өгч, кампанит ажилд нь хамгийн их оролцож, “мань хүн”-ий зурагтай элдэв зүйлсийг хамгийн ихээр худалдан авчээ.
 

Гэрэл зургуудыг thepeoplescube.com , redbubble.com-оос авав

Ямар ч “ардчилсан” нийгэмд, аливаа сонгууль нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үзэл бодлын өрсөлдөөн болдог. Энэ өрсөлдөөний дүрэм, оролцогчдын бэлтгэл, өрсөлдөөнийг шүүж буй арга хэлбэр нь тухайн нийгмийнхээ хөгжлийн дүр төрхийг харуулдаг. Бүхэлд нь харвал тэр нийгмийн эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлс нь өрсөлдөөн бүрийг утга учиртай болгож, энэ хэрээрээ тухайн нийгмийнхээ хөгжлийн хүрсэн түвшинг хадгалж байх, цаашлаад сайжруулж байх дотоод итгэл үнэмшлийг нь бэхжүүлж өгдөг. Хэдийгээр асар их мөнгөний өрсөлдөөн болоод өнгөрсөн мэт харагдавч энэ нь хүний эрх, эрх чөлөө, амьдарч буй нийгмийнхээ сайн сайхны төлөө, өөрсдийн ирээдүйнхээ төлөө зориулж буй итгэл үнэмшлийнх нь төлөөс хэмээн зөвтгөгддөг аж …

Б.ЖАРГАЛ /АНУ/

2013.01.15

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж