Кабелийн сувгуудад зөрчлөө арилгах хугацаа өглөө

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Кабелийн сувгуудад зөрчлөө арилгах хугацаа өглөө

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос кабелийн  телевизүүдэд хийсэн шалгалтын дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа кабелийн 42 сувагт шалгалт хийсэн бөгөөд 21 суваг нь тус хорооноос гаргасан стандартыг мөрдөхгүй, шаардлага хангаж ажиллахгүй байна гэсэн дүн гарчээ. Эдгээр 21 телевизэд зөрчлөө арилгах 45 хоног буюу энэ оны гуравдугаар сарын 1-н хүртэл хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдгийг мөн хэлсэн юм.  Тус газраас цаашид кабелийн бүх сувгууд болоод өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд шалгалт хийнэ гэдгээ мэдэгдээд үзэгчээ хүндэлж, хуулиа дээдэлж стандарт хангаж ажиллахыг уриаллаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо телевизүүдийн нэвтрүүлэгт бүтэн жилийн хугацаанд мониторинг хийж, үйл ажиллагаанд нь хийсэн шалгалтын дүнтэй харьцуулан зарим сувгуудад ийн анхааруулга өгч байгаа юм байна.Тус хорооноос гаргасан стандартыг мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл авах үед болон үйл ажиллагаа эрхэлж байгаа телевизүүдийн удирдлагуудад удаа дараа анхааруулж сануулга өгч, стандарт биелүүлж ажиллах шаардлага тавьж ирсэн гэдгээ тус хорооны удирдлагууд мэдэгдэж байна гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж