Оршин суугчдын мөнгийг юунд зарцуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Оршин суугчдын мөнгийг юунд зарцуулдаг вэ?

ШӨХТГ-аас зарим СӨХ-ны үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийхээр өчигдөр дүүрэг тус бүрт ажиллав. Харин манай сонины сурвалжлах баг, шалгалт хийх хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XV хорооны 19 дүгээр байрны “Өнөр 19” СӨХ-нд очсон юм.

Тус байр 1985 онд ашиглалтад орсон, түүнээс хойш засвар хийгдээгүй гэдгийг оршин суугчид хэлэв. Үнэхээр ч байрны дотор болон гаднах байдлыг ажихад олон оныг үдсэн нь илт байлаа. Эмтэрч халцарсан хана, хуучирч муудсан лифт, бохир заваан шат гээд тоочвол дуусахгүй асуудалтай юм билээ. Айл өрхүүд ам бүлийн тоо, өрөө тасалгаанаас хамаарч сард 6000-15000 орчим төгрөгийг СӨХ-д төлдөг гэнэ. Гэхдээ төлсөн мөнгөндөө дүйцэхүйц үйлчилгээг авч чаддаггүйд хэргийн учир бий аж. Иргэд мөнгөө цаг тухай бүр төлдөг ч, түүндээ хяналт тавих эрх нь хаалттай. Үүнийг нээлттэй байлгаж, тайлагнах үүргийг зохицуулж өгөхийг холбогдох хүмүүст уламжлан хэлэхийг тус байрны иргэд хичээнгүйлэн гуйсан.

Бид “Өнөр 19” СӨХ-ны үйл ажиллагаанд шалгалт хийхээсээ өмнө тус байрны орцуудаар орж доторхи байдалтай танилцав. 19 дүгээр байр нийт 12 орцтой. Бид нэг, тав, зургаа, долдугаар орцоор орсон. Нэгдүгээр орцонд СӨХ байрладаг учир тавдугаар орцоор эхэлж орлоо. Үүдээр ороход нэгшсэн, тоос тортог, хогны үнэр хамар сэнх хийлгэв. Эргэн тойрон тэр чигээрээ шавхайтай байх нь нэг л бохир харагдана. Дээр нь цонх нь мөстөж, хүйт даасан. Энэ бүгдийг харваас СӨХ-ны хэрхэн ажилладгийг харж болохоор байлаа. Орцны жижүүр эмэг­тэйгээс зарим зүйлийг тодруулах гэсэн боловч тэрбээр “Би ороод удаагүй. Мэдэхгүй” гэхээс өөр үг амнаасаа унагасангүй. Тус байранд тулгардаг бас нэг асуудал бол лифт гэв. Цаг үргэлж шахуу гацаж, ажиллагаагүй болдог лифт оршин суугчдын бас нэг шүдний өвчин болжээ. Арга ч үгүй биз. 1985 онд ашиглалтад орсон барилгатайгаа чацуу болохоор элэгдэж хуучран, өдөр хоногийг аргацааж яваа биз. Харин энэ асуудлыг СӨХ нэг тийш нь шийдэх бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл оршин суугчид гацдаг лифттэйгээ байсаар байгааг онцолсон. Үүгээрээ тэд СӨХ гэдэг байгууллага ямар ч үүрэг гүйцэтгэхгүй хэрнээ иргэдийн мөнгийг халаасалж байна хэмээн хэлэх гэсэн бололтой. Бид үүний дараа зургадугаар орцны доторх орчинтой танилцахаар орсон. Бидний тавдугаар орцонд харсан дүр зураг яг л тэр хэвээрээ байх юм. Лифт нь ажиллаж байгаа эсэхийг шалгавал, явж байв. Гэхдээ дотор нь суугаад явна гэдэг хэр баргийн хүний хийх сонголт биш санагдсан. Бусад орц ч мөн өмнөх дүр зургийг тэр чигээр нь харуулсан. Ингээд бид гол зорилгоо биелүүлэхээр тус байрны СӨХ байрлах нэгдүгээр орц руу орлоо. Нэгдүгээр дав­хар­таа байрлах СӨХ-ны хаал­га цоожтой байв. ШӨХТГ-ын хэлтсийн дарга Ч.Батбаатар, Сонгинохайрхан дүүргийн цагдаа­гийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Д.Гомбо тэргүүтэй албаны хүмүүсийн хамт тус СӨХ-ны үүдийг сахиж хэсэг хүлээсний эцэст “Өнөр 19” СӨХ-ны дарга О.Жанцалтай утсаар холбогдсон юм.  Тус СӨХ-нд иргэдийн зүгээс олон гомдол ирсэн учраас ШӨХТГ-аас шалгахаар ирсэн нь энэ аж.

СХД-ИЙН XV ХОРООНЫ 19 ДүГЭЭР БАЙРНЫ СӨХ-НЫ ДАРГА О.ЖАНЦАЛ: МӨНГӨӨ ТӨЛДӨГГҮЙ АЙЛ ӨРХ Л ГОМДОЛ ГАРГАСАН БИЗ


-Танай СӨХ-ны үйл ажиллагаанд оршин суугчдын зүгээс гомдол их ирүүлсэн. Тиймээс тантай уулзахаар ирээд байна?

-Мөнгөө төлдөггүй айл өрх л гомдол гаргасан биз. Манай СӨХ-нд ямар ч асуудал байхгүй. Бүх зүйлийг шалгуулсан, бичиг баримт нь ч бий. 

-Та ямар газраар шалгуулсан бэ?

-МХЕГ-т хоёр удаа шалгуулсан. Мөн дүүрэгтээ хянуулсан.

-Хамгийн сүүлд хэзээ шалгуулав?

-Өнгөрсөн оны аравдугаар сард байх.

-19 дүгээр байрны оршин суугчид таныг жил бүр тайлагнах ёстой тайлан блансаа тавьдаггүй гэж байна?

-Тавилгүй яах вэ. Хорооны хурал болгон дээр тайлангаа тавьдаг. Айл өрхийн гарын үсэгтэй цаас байгаа шүү. СӨХ-ны өртөй, мөнгөө төлдөггүй хүмүүс ийм зүйл хийж яваа юм. 

-ШӨХТГ-аас явуулж байгаа хяналт шалгалт учраас тантай биечлэн уулзмаар байна?

-Та нар чинь телевизийн­хэнтэй явж байгаа юм биш үү. “За” телевиз дагуулаад явж байсан. Би одоо уулзах бо­ломжгүй байна. Бүх бичиг баримт байгаа. Маргааш үзүүлье.

“Өнөр 19” СӨХ-ны дарга эмэгтэй телевизээс далдуур ШӨХТГ-ынхантай ярилцахыг хүссэн яриа энэ байв. Харин оршин суугчид тус СӨХ-ны үйл ажиллагааг хэрхэн дүгнэснийг одоо хүргэе.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН XV ХОРООНЫ ИРГЭН Т.ТӨМӨР-ОЧИР: СӨХ АЖЛАА ХИЙХГҮЙ ЮМ

-Танай СӨХ ажлаа хэр хийдэг вэ?

-Ажлаа хийхгүй юм. Мөнгөө болохоор нэхээд л сүйд болдог юм билээ. Хийх болохоороо таг болчихдог сонин байгууллага байна. Ер нь СӨХ гэдэг хэрэггүй байгууллага байх хэрэгтэй юм уу.

-Сардаа СӨХ-ны мөнгө гэж хэчнээн төгрөг төлж байна?

-Мэдэхгүй байна. Хүүхдүүд л байрны мөнгө өгөхдөө төлдөг.

-СӨХ-оос хамааралтай дутагдалтай асуудал байна уу?

-Бид нар шиг өндөр настай хүмүүст дээшээ найман давхарт гарна гэдэг хэцүү. Үргэлж л лифт нь гацчих юм. Үүнийг шийдэж өгвөл сайн байна.

-Танай байранд засч шинэчилсэн зүйл юу байна вэ?

-Юу ч байхгүй. Дээрээсээ борооны ус орж ирдэг.

СХД-ИЙН XV ХОРООНЫ ИРГЭН Б.ЧАНЦАЛ: СӨХ-НЫ САНХҮҮД ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ

-СӨХ-ны үйл ажиллагааны дутагдалтай тал нь юу вэ?

-СӨХ гэдэг байгууллага байх ёстой үгүйг сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл СӨХ нь өөрөө нийтийн эзэмшлийн талбайг өөд нь татаж, өнгө үзэмжтэй бол­гож, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах ёстой. Гэтэл СӨХ-ны үйл ажиллагаа их доголдолтой. Манай байрны СӨХ-нд ямар ч хяналт шалгалт байдаггүй. Тиймээс СӨХ-нд өгдөг төлбөртөө хяналт тавих  боломжгүй. Үүнийг хянадаггүй юмаа гэхэд ядаж тайланг нь олоод харчихмаар санагддаг.

-СӨХ-нд ямар хүмүүс байдгийг мэдэх үү?

-Мэдэхгүй ээ. Удирдах зөв­лөлд нь чухам ямар хүмүүс ажилладаг юм бүү мэд. Нүдэнд харагдах ажил хийж байгаа харагддаггүй.

-Сардаа хэдэн төгрөг төл­дөг вэ?

-Талбайгаасаа хамаарч төлнө. Дөрвөн өрөөтэй айл, мөн хүн амын тоо хамаарч янз бүр. Ер нь энэ СӨХ-нд томоохон шалгалт хийх хэрэгтэй. Зөвхөн үйл ажиллагаанд нь бус санхүүд нь хүртэл хийх хэрэгтэй.

Сар бүр байрны мөнгөн дээр бодогддог СӨХ-ны төлбөр юунд зарцуулагддаг нь энэ бүгдээс үзэхэд оньсого мэт үлдэв.ШӨХТГ-аас СӨХ-нд хийх шалгалт өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр ч энэ ажил үргэлжлэх юм. СӨХ нь 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүндээ СӨХ-ны Дээд зөвлөл хэмээх хууль бус байгууллага байгуулж иргэдээс 30-500 мянган төгрөг хүртэл хураамж авсан мэдээлэл ирснийг албаны хүн дуулгасан. Үүнийг нь үнэн болохыг батлах гомдол сүүлийн үед их ирж байгааг ч мөн онцолсон. Тэгэхээр ШӨХТГ-ын шалгалтын үр дүн гарч, хууль бус үйлдэл нь илэрсэн СӨХ-үүдэд ямар хариуцлага үүрүүлэхийг хүлээх үлдлээ.

“МАНДАХ 2” СӨХ ИРГЭДИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДСАНГҮЙ

Улаанбаатар хотын хүн амын дийлэнх хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг. Орон сууцны ашиглалт, тохь тухтай амьдрах нөхцлийг сууц өмчлөгчдийн холбоод хангах үүрэг хүлээгээд 10 дахь жилдээ ирээд байгаа юм. Мэдээж алдаа оноо байж таараа. Сүүлийн үед иргэд гомдол, санал гаргасан өргөдөл ШӨХТГ-т маш их ирүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор улсын  хэмжээнд үйл ажил­лагаа явуулдаг СӨХ-ны бүх байгууллагад хяналт, шалгалт хийж байгаа билээ. Манайд 700 гаруй СӨХ бий гэсэн судалгаа байна. Эдгээрээс Нийслэлд 450 орчим нь үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс 400 шахам нь Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлд харьяалалтай байдаг юм билээ. Тэгвэл энэ олон байгууллага дотроос сайн ажиллаж, оршин суугчдын эрх ашгийг хамгаалдаг СӨХ цөөнгүй бий. Хэрвээ энэ байгууллага байгаагүй бол лифт нь ажилгүй, хогондоо дарагдсан орц, гадаа суух сандалгүй, гэрэлгүй орчин хаа сайгүй байх байсныг үгүйсгэхгүй. Учир нь энэ байгууллага байгаа учраас иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бий болж байгааг олж харах хэрэгтэй болов уу.

СӨХ бүгдээрээ ажилгүй гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт болно. Учир нь нийслэлийн зарим дүүргийн СӨХ оршин суугчдынхаа итгэлийг хүлээн ажилласаар иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны “Мандах-2” СӨХ. Тус СӨХ-ны даргыг Цэрэнбадам гэх бөгөөд оршин суугчид нь түүнд их л ам сайтай байх. Үнэхээр ч тус байрны орчин тойрон, орцны доторх байдал сайшаахгүй байхын аргагүй юм билээ. Дулаан, цэмбийтэл нь угаасан хана,  ширхэг ч хоггүй лифт гээд өөлөх зүйл энд алга. Мөн  ханан дээрээ хээ угалз хийж, их л чамин болгожээ. Орц болгоны үүдэнд мэдээллийн самбар байршуулсан нь бас л сонирхолтой. Самбар дээрх мэдээллийг уншвал “Иргэд ээ машинаа зогсоолд тавихдаа цэгцтэй байрлуулж, хашлага эвдэхгүй байцгаая. Үүнийг 14 дүгээр байрны бүх оршин суугчдын өмнөөс уриалав” гэсэн уриалга. Мөн иргэдэд хэрэгтэй олон бичиг, зарлалын чанартай мэдээлэл байв. Бид энэ үеэр зургадугаар орцноос гарч явсан нэгэн иргэнтэй уулзаж тус байрны СӨХ-ны үйл ажиллагааны талаар асуусан юм. 40 эргэм насны эр “Манай СӨХ сайн ажилладаг. Оршин суугчдынхаа тав тухыг байнга асууж байдаг. Сайн даргатай шүү” хэмээн их л сэтгэл хангалуун хэлэв.Үнэхээр нийслэл хотод маань ийм СӨХ олон байгаасай гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү.

О.МӨРӨН
Ч.СУВДАА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж