Өлсгөлөн зарлагсдын зарим нь эмнэлэг явжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлагсдын зарим нь эмнэлэг явжээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэж үзэж, үүнийг зогсоох шаардлага тавьж байгаа дөрвөн эмэгтэй нойтон өлсгөлөн зарлаад зургаа дахь өдрөө болж байна. Тэднийг дэмжиж мөн дөрвөн эмэгтэй суулт зарлажээ. Уг эсэргүүцлийн арга хэмжээг “ээжүүдийн өлсгөлөн” гэж онцолж буй юм.

Тэдэнтэй уулзахын тулд МАХН-ын байрны хоёрдугаар давхарт байрлах хурлын заал руу улавч, халаад өмсч, амны хаалт зүүж байж нэвтрэв. Хурлын заалны үүдэн хэсэгт тавьсан урт сандал дээр суулт зарлагсад эгнэн суужээ. Тэд бүгдээрээ алдарт эхийн одон, тэмдгээ зүүсэн байв. Наана зассан ширээн дээр хоёр эмэгтэй сууж, хэн хаанаас ямар зорилгоор явааг бүртгэж, бичиж авч байлаа.  Тэднээс зарим зүйлийг тодруулахад “Хагас өлгөлөн зарлаж эхлэхэд 10-аад ээж байсан бол одоо бараг 500 болсон. Тэднийг дэмжин ирж, очиж буй 100 гаруй эх, ер нь 200-аад эх байна гээд биччих дээ” гэж байлаа. Харин биднийг очиход танхимд 10 хүрэхгүй ээж л сууж байсан юм.

Нойтон өлгөлөн зарлаж байгаа эмэгтэйчүүдэд хурлын танхимын хойд хэсэгт тусгайлан байр засчээ. “Одоогийн байдлаар өлгөлөн зарлаад 146 цаг болж байна” хэмээн тэд бичиж өлгөсөн байв. Энэ сарын 9-ны өдрийн 09.00 цагт эхлэсэн уг өлсгөлөнд анх долоон ээж байсан ч өнөөдөр дөрвөн нь үлджээ. Нойтон өлгөлөн зарлаж байсан долоон эмэгтэйн хоёрынх нь биеийн байдал муудан эмнэлэг рүү явсан бол нэг нь шинжилгээ өгөхөөр явсан гэнэ. Мөн өнөөдөр тэдэн дээр дахин таван ээж нэмэгдэхээр эмнэлэгт шинжилгээ өгч байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүдийн байр суурь, санаа бодлыг бид сонслоо.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Н.Отгон:

-Өчигдөр таван хүн нэмэгдэж 11-үүлээ болсон ч өнгөрсөн шөнө хоёрынх нь бие тавгүйтэж, Сүхбаатар дүүргийн эмнэлэг рүү явсан. Биднийг эмнэлгээс суурь өвчтэй хэмээн өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй ч өөрсдийн хүсэлтээр өлсгөлөн зарлан энэ тэмцэлд оролцсон. Гэр бүлийн хүмүүс маань “өөрийн тань бодол юм чинь” хэмээн зөвшөөрсөн ч биеэ бодоорой гэж хэлж байсан. Би өнөөдөр энд дан ганц Н.Энхбаяр гэж хүний төлөө биш, Монголд хууль хэрэгжихгүй байгаа учраас энэ тэмцэлд оролцсон” хэмээн ярьсан юм. Дөчин настай тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг ч одоогоор онц хийсэн зүйлгүй, арваннэгдүгээр ангийн нэг хүүхэдтэй хэмээн ярьсан юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Чимгээ хувиараа бизнес эрхэлдэг. “Би 49-тэй. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой 30-16 насны зургаан хүүхэдтэй. Гэр бүлийнхэн маань миний тэмцлийг дэмжиж байгаа. Би хүүхдүүддээ хэлж ойлгуулсан. Өнөөдөр ээж нь ганцхан өнөөдрийн нийгмийнхээ төлөө биш та нарын үр хүүхдийн ирээдүй, хүний эрхийн төлөө юм шүү. Одоо л хүний эрхийн төлөө тэмцэхгүй бол тэр үед ямар болох вэ гэдэгт сэтгэл эмзэглээд ээж нь явж байгаа гэж хэлсэн” гэв.

Баянхонгор аймгийн иргэн А.Одончимэг. Алдарт эхийн хоёрдугаар одон энгэртээ зүүсэн тэрээр 25-14 насны дөрвөн хүүхдийн ээж.

-Таны энэ алхмыг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авч байна?

-Том хүү маань ойлгож байгаа. Бага охин маань айж байгаа. Би тэдэндээ ээжийг нь ийм сайн биетэй болгож төрүүлсэн эмээ, өвөөдөө баярлалаа гэж хэлээрэй хэмээн дамжуулсан. Ээж нь хүүхдүүдийнхээ ирээдүй, улс орныхоо сайн сайхны төлөө энэ замыг сонгосон гэж үргэлж хэлж байгаа. Хоёр том хүүгийн маань найзууд ээжийгээ яагаад өлсгөж байгаа юм бэ, аваач ээ гээд утасдаад байгаа гэсэн. Хүүхдүүд маань амжилт хүсээд өдөр бүр л ярьж байгаа.

-Одоогоор таны биед ямар зовиур байна?

-Биеийн байдлын хувьд сульдан дуу хоолой намсдаг юм байна.

-Эрүүл мэндийн байгууллагаас та нарыг суурь өвчтэй гэж үзэн өлсгөлөнд оролцохыг зөвшөөрөөгүй гэж хэвлэлээр мэдээлж байгаа. Эрсдэлтэй алхам биш гэж үү?

-Бид 9-ны өглөө 09.00 цагт тэмцлээ эхлүүлэн нойтон өлсгөлөнгөө эхлүүлсэн. Бид нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт ороход бүгдээрээ суурь өвчтэй гарсан. Гэхдээ энэ нь бидний эрхийн асуудал учраас өлсөхдөө бэлтгэж шар сүү ууж,  гэдсээ цэвэрлэсэн. Энэ сарын 11-нд албан ёсоор цагдаагийнхан ирж бидэнд мэдэгдэл гардуулаад бүртгэж авсан. Мөн эмч нар ирж, гэдэс цэвэрлэж өгсөн.

Орхон аймгийн иргэн Т.Оюунцэцэг “Би 52 настай 17-27 насны гурван хүүхэдтэй. Гэр бүлийн хүн маань намайг бүрэн дүүрэн ойлгодог учраас дэмжиж байгаа. Ээж өлсөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Та юугаар дутаад байгаа юм гэж дунд охин маань дургүйцэж байгаа л даа. Гэхдээ би ойлгуулдаг. Та нарын ирээдүйн төлөө. Ардчилсан Монголд хүн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой. Энэ алдагдаад байна. Ерөөсөө Монголд шударга ёс алдагдаад байна. Үүний төлөө тэмцэж байгаа гэдгээ ойлгуулсан” хэмээн ярьсан юм.

Тэд тэмцлийнхээ үр дүнг үзтэл нойтон өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэлээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж