Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Сумын дарга болъё

Орон нутгийн сонгуулийн дуулианыг сонсоход сумын Засаг дарга гэдэг ихээхэн нэр төртөй алба болохыг мэдэрлээ.

Миний төрж өссөн нутагт л гэхэд сүүлийн 20 жилийн дотор хотоос манай сумыг удирдахаар сургуулийн захирлаас гадна эдийн засагч гэж мэргэжлийн гурван ч хүн очоод удаж төдөлгүй буцсаныг санаж байна. Тэгэхээр амаргүй ажил юм уу гэмээр. Хэдэн жилийн өмнө Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төвөөс яваа нэгэн даргыг дагаж очоод нүүр улайсан минь санаанаас гардаггүй юм. Сумын захиргаанд нь очтол цоожтой. Захын нэгнээс дарга нарыг нь сураглахад “Орлогч л харагдсан даа. Гэртээ байж мэднэ” гэснээр гэрийг нь заалгаж очив.  Сумын орлогч гэх залуу гаднаа “Иж планета” мотоцикл задлаад эрэг шургийг нь талын нэг тараачихсан сууна. Тэрбээр уриалгахан нь аргагүй “Дарга эзгүй байгаа, манайхан ихэнх нь амарчихсан даа” гэсээр угтаж билээ. Тэгснээ конторын түлхүүр хэнд байгааг мэдэхгүй эрэл сурал болов оо.

Захиргааны байшингийн  сүүдэр бараадан зогсож байтал ашгүй түлхүүр нь олдов бололтой хаалгыг нь онгойлготол өөдөөс сүр сар хийн болжмор нисч ирээд хүмүүсийг үхтэл цочоов. Орон нутагт сумдын дарга нарын ажил нэг иймэрхүү маягтай явагддагийг тэгэхэд гадарласан юм. Хамгийн хэцүү нь улстөржилт ажил хийлгэдэггүй гэдэг үнэний ортой. Нутгийнхаа сумдаар жишээ авахад л иймэрхүү.
Хөдөөд орон нутгийн сонгуулийн маргаан одоо хэр нь намжаагүй хэл ам дагуулсаар байна. Энэ нь хөдөөгийнхөн хэр улстөрждөгийг харуулж байгаа хэрэг. Энэ сонгуулиар улаанаараа алдартай Төв аймгийнхны хувьд сонголтоо өөрчилж Ардчилсан нам ялснаар сумын Засаг даргын албаны төлөө том өрсөлдөөн бий болж одоо хэр нь хэл ам намжаагүй байна. Энэ удаад сумдын Засаг дарга нарт багийн Засаг даргаа батламжлах ажил оногджээ. Улаанбаатарт суугаа нэг анд маань “Сэргэлэн сумын Засаг даргыг танихгүй биз. Дөрөвдүгээр багийн даргаар дүүгээ томилуулчих гэсэн чинь Ардын намынх гээд болдоггүй” гэж байх юм. Төв аймаг 27 сумтай. Түүнээс 24-т нь Ардчилсан намаас Засаг дарга томилогджээ. Аймгийн дарга Д.Баярбатын батамжилсан дарга нараас зургаан сумын даргыг орон нутгийнхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Өмнөх дарга Ц.Энхбат өөрийн нутаг Баянцагаан сумын Засаг даргад Улаанбаатараас хүн аваачиж тавьсан нь Ардчилсан намыхны дургүйг хүргээд зогсоохгүй хуучин засаг дарга нь аймгийн даргатай зөвлөлдөж байж ажлаа өгөх эсэхээ шийднэ гээд явснаас хойш шинэ дарга тамгагүй байгаа сурагтай. Харин Баянчандмань сумын Засаг дарга Б.Баярнэмэхийг илт давуу ялсныг одоо болтол батламжлахгүй байгаа нь улстөржилт гэнэ. Мөн тус аймгийн Дэлгэрхаан сум 1700 хүн амтай. Түүний 600 нь Улаанбаатарт амьдардаг гэх. Тийм цөөхүүлээ байж улстөржихийг үзүүлнэ. Ардчилсан намын гишүүн, сургуулийн багш эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сурталчилгаагаа хийж явсан эрхмийг гэртээ цайлсны төлөө Ардын намыг дэмждэг нөхөр нь уурлаж салж саринахдаа хүрсэн удаатай. Өнгөрсөн дөрвөн жилд Төв аймгийн бүх сумын дарга нар жийп машинтай болсон гэсэн. Ашигт малтмалын ордтой сумдын дарга боломжийн хишиг хүртдэг гэх яриа ч бий. Тэгэхээр сумын дарга болох гэж зүтгэх нь аргагүй юм.

Олны амнаас сонсоход хотын хаяан дахь Алтанбулаг суманд Засаг дарга болох гэж хотоос таван хүн очсоноос нэгийг нь ч хүлээж аваагүй гэж ярьж байна. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн сонгуулиар Сэргэлэн суманд хэвтэрт байгаа эхийгээ хүүхдүүд нь өөр өөрсдийн намд саналыг нь өгүүлэх гэж хайрцаг булаацалдаж хэрэлдсэн сураг байна. Манай иргэд энэ удаад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг мөрдөж мэдсэнгүй. Сумдынхан улстөрждөг нь бие биенээ арван хуруу шигээ мэддэгт байдаг гэж ярих нь үнэний ортой. Төв аймгийн Батсүмбэр сум хотод харьцангуй ойрхон, төмөр зам гээд унаа элбэгтэйг ашиглан орон нутгийн сонгуулийн өдөр хотоос оюутан хүүхдүүдээ санал өгүүлэх гэж дуудан галт тэрэгний буудал дээр намаараа талцан тосч байсан удаатай.

Тус аймгийн Баянжаргалан сум аймагтаа хамгийн цөөхөн хүн амтай сум. Өнгөрсөн дөрвөн жилд эхнэр нь сумын ИТХ-ын дарга, нөхөр нь сумын даргаар ажиллаж, ах дүүсээрээ сумыг атгаж байсныг энэ удаад халж Ардчилсан намаас тавих хүн олдохгүй юм юм л болсон сурагтай. Тэр жил нутгийн нэг анд маань хотод таараад “Чи орон нутгийн хүн байна даа, очиж сумын дарга хийгээч. Цаана чинь Балдирын орон гаран хүү бусниулж гүйцлээ” гэж билээ. Өмнө нь сумдын Засаг дарга нарт эмнэлэг, сургуулийн цалинг хугацаанд нь өгүүлж төсвийн мөнгийг хуваарилахаас өөр гавьтай эрх мэдэл байгаагүй. Харин энэ удаад мөнгө нь олдож байвал захиран зарцуулах эрх хангалттай байж мэдэх сурагтай.

Сумын даргын ажил амархан гэж ойлгох хүн олон. Соц нийгмийн үед нэгдлийн дарга нар хэрдээ л машин унасан том байлаа. Хийж гүйцэтгэдэг ажил нь л их байсан биз ээ. 1980-аад онд юмдаг, Мөнгөнморьт сумын нэгдлийн дарга Ганболд, намын үүрийн дарга Содномдаржаа хоёр аймгийн намын бага хуралд суухаар явах болжээ. Нэгдлийнхээ ганц Уаз-469 машины урд суудлаа булаалцалдан зодолдох нь холгүй юм болсон гэдэг. Намын дарга нь нам том уу, нэгдэл том уу би урд нь сууна гэхээр нөгөөх нь энэ унаа нэгдлийн хөрөнгө миний мэдлийнх гэж маргалдсан гэдэг. Энэ удаад харин сумдын дарга нар машин булаацалдахааргүй болжээ.

Тэр жил манай нутгийн нэг өвгөн “Манай даргаас шальтай хийсэн юм харагдахгүй л байна. Гаднаас ирсэн дарга нарт л газарчилж гүйдэг ажилтай юм уу даа” гэж билээ. Орон нутгийн онцлог гэж байна аа. Зөвхөн малаа шүтсэн Төв аймгийн сумдад үнэхээр сумын даргын хийх ажил бага. Газар тариалан эрхлэж мэдэхгүй. Ашигт малтмал хайсан доншуурчдад өнгөн дээрээ дурамжхан дүр харуулах ч ханцуйдаа тохиролцох нь энүүхэнд гэх юм билээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАХН-аас сонгогдсон ганц нэг гишүүн ихээхэн нэр хүндтэй байлаа. Суудлын тоогоо гүйцээх гэж намууд тэдэнд үнэ хаялцжээ. Мэдэж байгаагаар Дорноговийн Улаанбадрах, Хэнтийн Цэнхэрмандал, Төвийн Батсүмбэр, Баяндэлгэр суманд Ардчилсан нам, Ардын нам хоёр Иргэдийн хуралд суудал тэнцэхдээ МАХН-ын гишүүдийг булаацалджээ. Үүнийг Төрийн ордноос халдваралсан өвчин гэж ярьж байна. “Ноёд урваач, нохой шарваач” гэдгийг харуулаад байх шиг. Засаг дарга л болж байвал мэдлэг боловсрол бага гэж нэрэлхэхээ байж: Сумын Засаг дарга хэрэгтэй алба юм аа. Хөдөөд очиж Засаг дарга болъё гэх хүн олон байгаа байх аа.

Н.ЛХАГВА
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН"сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж