О.Орхон: Банкныхан бэлтгэлтэй байх ёстой

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

О.Орхон: Банкныхан бэлтгэлтэй байх ёстой

Худалдаа, хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхонтой банк санхүүгийн салбарын талаар ярилцлаа.

-Таныг банк санхүүгийн салбарынхан болон харилцагч, үйлчлүүлэгч нар тань сайн  таньдаг. Харин манай уншигчдад та өөрийгөө танилцуулахад илүүдэхгүй байх. Тиймээс та яагаад анх банк санхүүгийн салбарт орж ажиллах болов гэдгээс яриагаа эхлэе?

-Би 1997 онд МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг банкны  эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Ер нь би багаасаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж, эдийн засагч болох мөрөөдөлтэй байсан. Тийм учраас эдийн засгийн сургуулийг зорьж сонгон суралцсан. Банк санхүүгийн салбарыг сонгосны учир нь тэр үед манай салбар зах зээлийн нийгэмдээ шинэхэн, энэ утгаар дөнгөж үүсгэн байгуулагдаж байлаа. Тэр дотроо  Худалдаа хөгжлийн банк тухайн үедээ төрийн өмчит, хамгийн том арилжааны банк,  гадаад дотоод төлбөр тооцоог бараг дангаараа хийдэг, хамгийн нэр хүндтэй банк байсан. Нэрнээсээ ч гэсэн “Хөгжлийн” гэдэг үг байх жишээтэй. Бүх л талаараа шилдэг, шинэ банк байсан. Худалдаа хөгжлийн банкинд ажилд орно гэдэг бол тухайн үедээ надад зүүд юм шиг, биелэгдэшгүй зүйл шиг санагдаж байсан бол өнөөдөр 15 жилийн дараа банкныхаа Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч гэсэн албан тушаалтай болчихоод байж байна.

-Энэ жил Монголын банкны холбооноос шалгаруулсан “ШИЛДЭГ БАНКИР” гэсэн шагналыг та авсан. Магадгүй энэ нь таны өнгөрсөн 15 жил банкиндаа үр бүтээл, зүтгэлтэй ажилласныг үнэлсэн хэрэг байх?

– Юуны өмнө хэлэхэд, би энэ шагналыг авсныхаа дараа банк, хамт олноороо бахархаж байна. Мөн банкныхаа удирдлагын багаар бахархаж байлаа. Мэдээж, би хариуцсан захирал нь учраас миний хариуцсан ажил амжилттай байгаа болохоор намайг шагнаж байгаа хэрэг байх. Гэхдээ энэ бол манай банкны гадаад болон дотоод зах зээл дэх нэр хүндийг үнэлж байгаа нэг ёсны бас үнэлэмж юм болов уу гэж ойлгож их баяртай хүлээж авсан. Манай банкны хувьд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлээд тэргүүлэгч байр суурьтай байсан. Монголын эдийн засагт хамгийн чухал сектор бол банкны салбар. Энэ салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа том арилжааны банк. Сүүлийн үед гадаад зах зээлд нэр хүнд маш их өсч байна. Жишээлбэл, улсдаа гадаад зах зээлд гурван удаа дараалж бондоо гаргасан ганц байгууллага, аж ахуйн нэгж нь өдгөө хэвээрээ байна. Цорын ганц бондоо гаргасан арилжааны банк байна. Өнгөрч буй 2012 оны манай салбарын, манай улсын хувьд бидний онцлох нэг үйл явдал нь өнгөрсөн есдүгээр сард 300 сая  ам.долларын   бондыг  амжилттай гаргаж чадсан. Мөн дэлхийн нэр хүнд бүхий банк санхүүгийн салбарын сэтгүүлүүдээс  “Шилдэг банк”-ны шагналыг хүртлээ. Хамгийн гол нь манай банк хэдий чинээ өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа, олон үзүүлэлтээрээ тэргүүлж байсан боловч сүүлийн хэдэн жил нийт активынхаа хэмжээгээр эхний байраа алдсан хэдий ч энэ оны амжилттай менежмент, гадаад зах зээлд бонд гаргаж, дотоод зах зээлд харилцагч нарынхаа итгэлийг хүлээж, манай оронд төдийгүй дэлхий нийтэд эдийн засгийн таатай биш, удаашралтай жил байсан ч банк өсөлттэй ажиллаж, бүх үзүүлэлтээрээ Монгол Улсын тэргүүний банк боллоо. Үүний л үр дүнд, “ШИЛДЭГ БАНКИР” гэсэн нэр хүндтэй шагналаар шагнууллаа гэж бодож байна.

– Танай хамт олон 2012 ондоо олон зүйлийг хийж бүтээсэн. Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондын арилжаанд оролцсон гээд олон зүйл байгаа. Ирж байгаа 2013 ондоо мөн их ажил төлөвлөж байгаа байх?

-Манай хамт олон үргэлж шинийг эрэлхийлж, үйлчилгээндээ нэвтрүүлж байдаг. Монголын хамгийн ууган банк гэдэг утгаараа Монгол Улсад банкны салбарт бий болсон бүхий л ололт амжилт шинэ бүтээгдэхүүн, олон улсын стандартыг нэвтрүүлэх зэрэг бүх зүйлийг анх Худалдаа, хөгжлийн банк санаачилж зах зээлд нэвтрүүлж анхдагч нь болсон байдаг. Манай хамт олон үүгээрээ бахархаж явдаг. Жишээлбэл, Олон улсын санхүүгийн бүртгэлийн стандарт, олон улсын  аудит, олон улсын зээлийн үнэлгээ, олон улсын бонд, эрсдэлийн удирдлагын систем гээд бүгдийг нь анхлан нэвтрүүлсэн. Манай ажилтнууд баг болж ажлаа зохион байгуулдаг. Энэ жил гурван шилдэг баг шалгарсан. Багуудын хийсэн гурван гол ажлыг дурдвал, Нэгдүгээрт MOST MONEY буюу гар утсаараа бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх боломжтой системийг нэвтрүүлж чадсан. Энэ нь аливаа нэгэн банкны дан ганц хэрэглэдэг систем биш, мөн ямар нэг үүрэн телефон холбооны компанийн бүтээгдэхүүн биш. Энэ бол Монгол Улс  даяар буюу манай улсын гурван сая иргэнийг бүгдийг нь оролцуулах хэтийн төлөвтэй, цаашдын зорилготой бүтээгдэхүүн байгаа юм. Хоёрдахь ажлын хэсэг нь, бид олон улсын зах зээлд бонд гаргасан. Өөрсдийн бондоо ч амжилттай гаргасан. Үүн дээрээ тулгуурлаад Монгол Улсын Засгийн газрын хамгийн анхны олон улсын зах зээл дээр борлуулсан 1,5 их наяд ам.долларын  зөвлөх, андройдер банкаар оролцлоо. Дэлхийн хамгийн шилдэг дөрвөн банк, Монгол Улсаас манай банк  шалгарсан. Дэлхийн шилдэг банкуудтай мөр зэрэгцэж ажиллана гэдэг бидний хувьд бахархал байлаа. Гуравдахь ажлын хэсгийн хийсэн ажил нь, дотоод үйл ажиллагаа. Дэлхийн бүх улс орнууд, томоохон банкуудын хэрэгжүүлдэг мөнгө угаалтын эсрэг тэмцэх олон улсын хууль, дүрэм журмыг сахиж мөрдөх программыг олон улсын  зөвлөх байгууллагатай хамтарч Монголд анх удаа бодлого стратегийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн банк болж чадлаа. Мөн байгаль орчин, нийгмийн хариуцлагын  стандартыг олон улсын төвшинд анх удаагаа нэвтрүүллээ.  Дотоод хяналтын  матриц  зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, банкны бүх эрсдлийг  бууруулахын тулд дотоод бүх  үйл ажиллагаандаа хяналтын төвшинг тогтоосон.  Бид 2013 оноос тухайн жилээ тодорхой зорилго, уриатай ажиллах санаачлагыг би дэвшүүлээд ирэх оноос эхэлнэ. Ирэх оны уриа “Бүтээмжийг дээшлүүлэх жил” гэж зарласан. Бүтээмжийн хувьд ярихаар, хамгийн бага ажилтан, хамгийн бага салбартай хэдий ч  бусдаасаа тэргүүн зэргийн ашигтай ажилладаг гэдэг утгаараа манай банк хамгийн бүтээмж өндөртэй банк.  Хэдий ийм ч гэлээ,  өнөөдөр бид энэ амжилтдаа ташаарахгүй илүү сайн болгох зорилт тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкны бүтээгдэхүүн үйлчилгээ эрсдэлгүй, түргэн, шуурхай, найдвартай болгохын тулд автоматжуулсан, бүтээмж маш өндөр байх ёстой. Банкны үзүүлж байгаа бүх үйлчилгээний бүтээмж, дотоодын салбар нэгжүүд хэлтсийн хоорондын уялдаа холбооны бүтээмж, автоматжуулах гэсэн гурван чиглэлээр ажлаа  сайжруулна гэсэн зорилготой байгаа. Ирэх он бол манай улсын эдийн засгийн хувьд чухал жил байна. Гадаад зах зээл дээрээс босгосон 1,5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт эхэлнэ. Мөн “Оюутолгой” ХХК анхныхаа бүтээгдэхүүнийг борлуулна. “Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагаа өргөжинө гэх мэт Монгол Улсын эдийн засагт тодорхой шинэ үе ирэх 2013 онд эхэлж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ үйл явцад хамгийн тэргүүний банкны хувьд бид бүх талаараа бэлтгэлтэй байх ёстой. Тийм учраас бид ойрын 5, 10 жилийнхээ стратеги, бизнес төлөвлөгөөг шинээр боловсруулж ажиллана. Хэдийгээр бид сайн ажилладаг ч гэсэн улам сайжруулах шаардлагатай. Би “Өдөр болгон шинэчлэгдэх нь өөрөө шинжлэх ухаан юм” гэж хэлдэг. Энэ бол миний хэлэх дуртай үг. Хэдий чинээ сайн байх тусам, ололт амжилт арвин байх тусам, улам түүнийгээ сайжруулж, бататгаж явах нь зөв юм аа гэсэн зарчмаар л ажиллана.

– Та салбарынхаа ойрын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

– Манай улсад хамгийн богино хугацаанд, хамгийн сайн хөгжсөн, хамгийн түрүүнд олон улсын стандартад хүрч чадсан салбар бол банкны салбар.  Нэгд, энэ салбар нь хууль журам, дүрэм болон олон улсын дүрэм стандартаар зохицуулагддаг. Тиймээс олон улсын байгууллагуудын зүгээс манай банкны шинэчилсэн 1997 оны хууль, мөн 2010 онд дахин шинэчилсэн Банкны тухай хуулиудыг дандаа олон улсын байгууллагуудын оролцоотойгоор олон улсын стандартыг нэвтрүүлэх жамаар хийж хэрэгжүүлсэн болохоор илүү сайн хөгжсөн. Хоёрт, энэ бол ашигтай салбар. Зээлийн хүү өндөр, эрсдэл өндөр учраас түүнийг дагасан ашиг өндөр байх нь зах зээлийн жам. Энэ жамаараа, өндөр  ашигтай учраас шилдэг боловсон хүчин банкны салбарт  1990-ээд оны эхнээс ажилласан байдаг юм.  Монгол Улсын арилжааны арав гаруй банкнаас дөрөв нь олон улсын зэрэглэл тогтоолгосон, олон улсын стандарт хангасан байна. Гэтэл өөр ийм хувийн компани аж ахуйн нэгж олон байхгүй гэдэг утгаараа  манай салбар илүү хөгжсөн. Мөн аливаа эдийн засгийн хөгжилд хоёр зах зээл байдаг. Нэг нь мөнгөнийх буюу банкны зах зээл, нөгөө нь санхүүгийн зах зээл буюу хөрөнгийн бирж.  Манай улсад хөрөнгийн бирж буюу санхүүгийн зах зээл нь хөгжөөгүй учраас Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр ачааг банкны салбар дангаараа үүрч байна. Тийм учраас салбарын түүхэнд олон ч банк дампуурсан. Олон ч банк үлдсэн. Үлдсэн хэд нь маш чанартай ажиллагаатай. Энэ утгаараа цаашдаа  ч эдийн засагтаа хувь нэмрээ оруулдаг гол түлхүүр нь болсоор байна гэж бодож, итгэж байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

PS: Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд МУИС-ийн ЭЗС, 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банк санхүү, бизнесийн удирдлагын ухааны магистр цол хамгаалсан. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд “Трий Тигерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх, 2006-2007 онд Улаанбаатар хотын банкинд Гүйцэтгэх захирал, 2007 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна.

О.Орхон нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр удаа дараалан бонд гаргах ажлыг хамтран удирдаж амжилттай арилжаалсан, “Bloomberg TV Mongolia”-г санаачилж хэвлэл мэдээллийн салбарын цоо шинэ хуудсыг нээсэн гэх мэт банк, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажилллаж байгаа, туршлагатай өндөр боловсролтой залуу удирдах боловсон хүчний нэг юм.

    Эх сурвалж: www.mba.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж