О.Баасанхүүд өгсөн сургамж

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

О.Баасанхүүд өгсөн сургамж

УИХ-ын
гишүүн О.Баасанхүү өөрийн нэгэн чадвараа онцгой хөгжүүлсэн гэдгээ дахин
баталлаа. “Нэг зүйлийг сайн мэддэг бөгөөд ямар ч асуудлын талаар
ярилцсан тухайн мэддэг зүйл рүүгээ оруулчихдаг” тухай “бөөсний” онигоо
шиг.

Аюулгүй байдлын байнгын өнөөдрийн хуралдаанаар уг нь хилийн
боомтын тухай хэлэлцэж байсан бөгөөд хилийн боомтын агуулах, байр нь
үйл ажиллагаандаа зохицсон архитекторын шийдэл бүхий байх тухай гишүүд
ярьцгааж байв. Гэтэл О.Баасанхүү гишүүн гэнэт хөндлөн зүйл асууж,
эмнэлэгийн байрны асуудал ярьж, “хилийн байр байтугай эмнэлгийн байр гэж
юу байдгийг чи мэдэхгүй шүү дээ, төрийн тэргүүн байсан хүний хэвтэх
эмнэлгийг үгүй болгосон, эмнэлгийн үүдэнд хэвтэж буй эхчүүдийг чи бас
битгий баривчлаарай. Чи яагаад Монгол Улсыг хилгүй болгоно гэж ярьсан юм
бэ” гэх зэргээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин рүү дайрч эхлэв. Гишүүд ч
“Энэ О.Баасанхүү ямар ч асуудал хэлэлцэж байсан яаж ийгээд л Н.Энхбаярын
асуудал руу оруулчих юм аа” гэцгээж байв. Асуусан асуултад нь сайд
Х.Тэмүүжин “Барилгын архитектор гэдэг зүйл чинь чиний наад ойлгоод
байгаа итали гэсэн үг биш. Тэгээд чи ард түмнийг төлөөлж гишүүн болсноос
биш Н.Энхбаярыг төлөөлж гишүүн болоогүй. Юм болгон дээр Н.Энхбаяр
даргыгаа гэж улайрч байхаасаа ичээч. Тэгээд битгий хүний огт яриагүй
юмыг ярьсан болгож асуугаад бай. Хэрвээ Монгол улсыг хилгүй болгоно гэж
ярьсан гишүүн байвал, тэр хүн шорон руугаа явна биз дээ. Төрийн тусгай
албан хаагчдын эмнэлэгт төрийн удирдах албан тушаал хашиж байгаад
хоригдохоор болсон хүмүүст зориулсан хамгаалалт бүхий тасаг байгуулах
тухай яригдсан. Гэхдээ ингэж шийдвэл хотынхоо төвд шоронтой болчих гээд
нэгдсэн байдлаар шийдэхээр болсон” гэж хариулав. О.Баасанхүү гишүүн ч
Н.Энхбаярын асуудлын талаар Х.Тэмүүжин сайдтай хэсэг маргалдсаны
дараагаар хуралд оройтон орж ирсэн шигээ, түрүүлэн гарав. Танхимд
үлдэгсэд араас нь “Өнөө О.Баасанхүү чинь дараагийнхаа байнгын хорооны
хуралд орж Н.Энхбаярын талаар ярих нь” гэж хоорондоо нудралцсаар үлдэв.
Ямар ч мэдэхгүй асуудал ярьсан яаж ийгээд л мэддэг зүйл рүүгээ оруулна
гэдэг ч бас чадвар шүү.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж