
Гэтэл гишүүн гадаад эхнэр, нөхөртэй хүмүүс төрийн дээд албан тушаалд томилогдох ёсгүй гэсэн утга агуулгатай хууль санаачилж, түүнийгээ ч чуулганы танхимд тодотгож харагдсан. Гэвч Ж.Батзандан гишүүний санаачилсан энэхүү хуулийн төсөл санаатай үйлдэл үү, эсвэл… гэх таамаглал Төрийн ордноор орж, гарч буй эрхмүүдийн амны зугаа болж өнжлөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга нарын үг, үйлдэл эвгүй, улс төрийн нөхцөл ороо бусгаа энэ үед дээрх хуулийг төслийг оруулж ирж бусдын ундуйцлыг хүргэх болсон нь шалтгаантай гэж үзэх эрхмүүд ч цөөнгүй байгаа юм.
Гудамжинд уриа лоозон барьж, эрх баригчдыг “гороолж” байсан Ж.Батзанданыг хэрхэн улс төрд амь гуйн орж ирснийг нь ард түмэн андахгүй. Улмаар С.Эрдэнийн ивээлд багтаж, сүүдэр шиг нь амьдрах болсныг улс төрийн хүрээнийхэн хэлээд өгнө. Тэгвэл АН доторх хамгийн хүчтэй хоёр фракцийн сөргөлдөөнийг дэвэргэх гэсэн “бяцхан наргиа” хэмээн Ж.Батзандангийн хуулийн төслийг учир мэдэх зарим нь дүгнэж буй юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга руу чиглүүлсэн бууны сум. Хэрэв хуулийн төсөл батлагдаж, хууль мөрдөгдөж эхлэх тэр өдрөөс эхлэн гадаад эхнэр, нөхөртэй хүмүүс төрийн дээд албан тушаалд томилогдох ёсгүй гэвэл Х.Баттулга сайдын давхар дээлийг тайлах хэрэгтэй болох нь. Мэдээж, Ц.Оюунгэрэл сайдын загварын дээлийг ч тайлж, олны өмнө “нүцгэлнэ” гэсэн үг.
Бүр цаашилбал, гадаад эхнэртэйн гайгаар Х.Баттулга сайд Засгийн газрын тэргүүнээр хэзээ ч өргөмжлөгдөж чадахгүй. Магадгүй нууц ноёнтноороо үлдэж мэдэх ч бас л эргэлзээтэй. Харин тэр үед “Шонхор”-ууд МоАХ-ны орон зайг эзлэх алсын хараатай нүүдэл ч байж мэдэх таамаглалыг улс төр сонирхогчид дэвшүүлж буй юм. Гэхдээ Х.Баттулга сайд амны салиа нь арилаагүй “шалдан бацаанд” “нүцгэлүүлэх” нь юу л бол. Иймээс Ж.Батзандан өргөн барьсан хуулийн төслөө өөрийн хүсэлтээр эргүүлэн татах шаадлагатай тулах бололтой. Иймээс тэр эхний алхмаа хийж эхэлсэн тухай Л.Эрдэнэчимэгийн ярианд дурьдагдсан байна билээ. Тодруулбал, Ж.Батзандан өөрөө тэр хэсгийг нь хасна гэж хэлээд Ц.Оюунгэрэл сайдаас уйчлалт гуйж байсан гэдэг шүү. Тэгэхээр Ж.Батзандан гишүүний “бяцхан наргиа” энэ хүрээд өндөрлөв бололтой, хөөрхий.
Эх сурвалж: WWW.NEW.MN