“Сочи-2014” олимпийн бамбарыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

“Сочи-2014” олимпийн бамбарыг танилцуулав

Түүхэндээ анх удаа өвлийн олимпийг нутагтаа зохион байгуулж буй ОХУ “Сочи-2014” олимпийн галт бамбарыг олон нийтэд танилцууллаа.

Олимпийн ба паралимпийн бамбар нь хэлбэр хэмжээний хувьд ижил бөгөөд өнгөөрөө ялгагдах ажээ. Олимпийн бамбар улаан, харин паралимпийнх тэнгэрийн цэнхэр өнгөтэй байх юм.

"Сочи-2014" олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенкогийн хэлснээр бамбарын дүрс нь орос ардын үлгэрийн  галт шувууны өдийг санагдуулам болсон хэмээн тайлбарлав. Бамбарын аялал олимпийн түүхэнд хамгийн өргөн цар хүрээг хамрах бөгөөд тодруулбал, ОХУ-ын 2900 хот сууринаар дамжин өнгөрөх юм. Бамбарын аяллыг тус улсын хүн амын 90 хувь нь үзэх боломжтой гэдгийг зохион байгуулах хорооны тэргүүн хэлжээ. Мөн олимпийн ариун гал хойд туйл, Европын ноён оргил Эльбрус, түүгээр ч зогсохгүй сансарт очих гэнэ.

Галт бамбарын аялалд 14 мянган хүн оролцох бөгөөд тэднийг өнөөдрөөс эхлэн тодруулах ажээ.

“Сочи-2014” олимпийн наадам 2014 орны хоёрдугаар сарын 7-23-нд, паралимп гуравдугаар сарын 7-16-нд болох юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж