Унгарт ажилласан жилээрээ тэтгэвэр тогтоолгож болно

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Унгарт ажилласан жилээрээ тэтгэвэр тогтоолгож болно

Гадаад улсад ажиллаж байгаад эх орондоо ирж, тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалийн шимтгэл төлсөн жилүүд дутдаг асуудал иргэдэд их тулгардаг билээ. Ингээд л хэдхэн сар, жил дутуугаас болоод тэтгэвэрт гарч чадахгүй байх, эсвэл хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох болдог. Тэгвэл та Унгарт ажиллаж байсан, эсвэл одоо ажиллаж амьдарч байгаа бол дээрх асуудлаа шийдэж болно. Тодруулбал, 2011 оны зургадугаар сарын 11-ний өдөр баталсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр” –ийн хүрээнд хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлж олгож байх нөхцөл бүрдсэн юм. Ингэхдээ Монголдоо тэтгэвэр тогтоолгох бол Монгол Улсынхаа хуулиар, Унгарт тэтгэвэр тогтоолгох бол Унгар улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох боломжтой юм.

 Жишээ нь, иргэн “Б” 60 настай бөгөөд Монгол Улсын нийгмийн даатгалд 12 жил шимтгэл төлсөн, Унгар улсад 14 жил ажиллаж амьдрахдаа тус улсын нийгмийн даатгалын шимтгэлийг мөн төлж байсан. Тэгвэл иргэн “Б” Бүгд найрамдах Унгар улс болон Монгол Улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн 26 жилээр тооцуулж, хоёр орноос тэтгэврээ тогтоолгох ажээ. Ингэхдээ тэтгэвэр тогтоолгох насандаа хүрсэн ч Монгол Улсын хууль ёсоор шимтгэл төлсөн 12 жилдээ ногдох тэтгэврээ тогтоолгож, сар бүр авч болох юм. Харин Унгарын талаас тэтгэвэр авах эрх нь 62 наснаас үүсэх хуультай бөгөөд тэтгэвэр авахын тулд 20 жил нийгмийн даатгалын шимтгэл авах ёстой байдаг ажээ. Тиймээс иргэн “Б”-ын хувьд хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас хоёр жилийн дараа буюу 62 нас хүрмэгцээ Унгар улсын нийгмийн даатгалын сангаас 14 жил шимтгэл төлснийхөө хувийг тооцуулж тэтгэвэр авах боломжтой болох нь. Ингээд иргэн “Б” Унгарт ажиллаж, төлж байсан шимтгэлээсээ тэтгэврээ тогтоолгох гэж 62 нас хүртлээ хүлээх хэрэг гарч байгаа ч энэ хугацаанд Монголын талаасаа тэтгэврээ аваад явж байж болно.
Монголчууд Бүгд найрамдах Унгар улстай эртнээс харилцаа сайтай байсан бөгөөд тус улсад оёдол, сүлжмэл, үйлдвэрийн салбарт өнөөг хүртэл ажилласаар байгаа аж. Одоогийн байдлаар Унгар улсад Монголын 2000 гаруй иргэн сурч, ажиллаж байна. Дээр дурдсан хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэний хөдөлмөрийг эрх тэгш үнэлэх, гадаад оронд шимтгэл төлж байсан бол түүнийхээ үр шимийг мөн л эрх тэгш хүртэх боломжоор хангаж байгаа юм. Хэрэв та Бүгд найрамдах Унгар улсад ажиллаж, нийгмийн даатгал төлж байсан бол Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ талаар сайтар лавлаараай. Эсвэл бидэнд асуултаа ирүүлээрэй.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж