Өлссөн ээжүүдэд олон “эргэлт” ирэв

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Өлссөн ээжүүдэд олон “эргэлт” ирэв

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчиж байна хэмээн ээжүүд эсэргүүцэн өлсгөлөн зарлаад 130 орчим цаг болоод байгаа билээ. Ээжүүд ийнхүү өлсгөлөн зарлаж, амь нас, эрүүл мэндээ дэнчин тавьж байгаад олон хүн эмзэглэж байгаагаа илэрхийлсээр байгаа. Өнөөдөр тэдэнтэй Шударга ёс эвслийн гишүүд очиж уулзав. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд ирж уулзана гэсэн мэдээлэл гараад байгаа.
 
Мөн өлсгөлөн зарлаад буй эхчүүдэд өнөөдөр   МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, У.Барсболд, П.Хангал, О.Лхагвацэдэн нар хүсэлт хүргүүлсэн байна.  Уг хүсэлтдээ “Өлсгөлөн зарлаж байгааг зарчмын хувьд дэмжиж байгаа ч өөрсдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах энэхүү тэмцлээ зогсоохыг хүсч байна” гэж гишүүд онцолсон байна. 

Мөн “Шударга ёс” эвслийн удирдлагууд болох МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва өлсгөлөн зарлаж буй ээжүүдэд хандаж,  “Та бүхэн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байгаад чинь үнэхээр харамсч байна. Өнөөдөр ялтан ч бай, хэн ч бай эрхээ эдэлж, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байна гэдэг хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Энэ бүхнийг бид өөрчлөхийн тулд чадахаараа ажиллах болно”  гэдгээ илэрхийлж, хамгийн чухал нь өөрсдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах нь зүйтэйг сануулсан байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга олон хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа эхчүүд эрүүл мэнд, амь насаа гаргуунд нь гаргаад сууж байгаад мөн харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ өдөр УИХ-ын эмэгтэй гишүүд өлсгөлөн зарлаад буй ээжүүдтэй уулзана гэж байсан ч одоогоор ирээгүй байгаа юм байна. Учир нь УИХ дахь эмэгтэй гишүүд “Эрүүл хотод амьдръя” сэдэвт зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Уг зөвлөгөөн дөнгөж сая дууссан юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж