Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ

Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлэн өдгөө Нэгдсэн хорих 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас сэжигтнээр татан, Интерполын байгууллагатай хамтран өнгөрсөн аравдугаар сараас эхлэн эрэн сурвалжилж эхэлсэн. Гэвч Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяны захидлаас үүдэн  сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай албан бичгийг өнгөрсөн долоо хоногт Олон улсын Интерполын байгууллагаас АТГ-т ирүүлсэн байна. Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерпол өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр өөрийн сайтдаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарын зурагтай мэдээллийг байршуулсан байсан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард зураг бүхий эрэн сурвалжлах зар тус сайтаас авагдсан байсан. Энэ талаар тухайн үед АТГ-аас тодруулахад зураг, зар байхгүй гэдэг нь эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон гэсэн үг биш, эрэл үргэлжилж байгаа гэж тайлбарласан. Гэтэл одоо эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноо ийнхүү албан бичгээр мэдэгджээ.

Ийнхүү Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяны өнгөрсөн жилийн аравдугаар сард илгээсэн “Сэжигтнүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай” хүсэлт бүхий захидал “үүрэг”-ээ гүйцэтгэсэн бололтой. Мөн тухайн үед хувь хүний зүгээс бус дэд сайдын үүднээс захидал илгээсэн хэргийг АТГ мөрдөн шалгаж байгаа. Мөн тухайн үед Хууль зүйн дэд сайдын саналыг үндэслэн Интерполоос эдгээр хүмүүсийн үргэлжлэн эрж хайх эсэх тухай давхар сануулга  тавьж нягталж байсан. Эцэст нь Интерпол эрхэм сайдын хүсэлтийг ийнхүү хүлээн авахаар шийдсэн бололтой.

Дэд сайд Ж.Эрдэнэжамъян “Би Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөд байгаа Н.Энхбаяр даргын хэрэгт холбоотой болохоор эрэн сурвалжлах ажиллагааг нягтлаж үзэхийг Интерполоос хүсч захидал илгээсэн. Дэд сайд болчихсон гээд Н.Энхбаяр даргыг дэмжиж байсан үзэл бодлоосоо ухарна гэж байж болохгүй” гэж мэдээлж байсан. Ямартаа ч одоогоор АТГ-аас Ж.Эрдэнэжамъяныг албан тушаалаа урвуулан ашиглаж мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэргийн сэжигтнээр татаад байгаа. Тэрээр одоогоор нэг удаа байцаалт өгөөд байгаа юм. 

Н.Энхтуяа нь өөрийн төрсөн ах Н.Энхбаярын хууль бусаар хувьчлан авсан  “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байруудыг өөрийн “Эскон” компаний нэр дээр бүртгүүлэн авсан нь энэ авлигын хэрэгт холбоотой болох нь тогтоогддог. Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгын ах Б.Хуяг нь “Өргөө” зочид буудлыг өөрийн компани болох “Хар дун” компаний нэр дээр авсан нь сэжигтнээр татагдан, эрэн сувалжлуулах үндэслэл болж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр Б.Хуяг нь хоёр жилийн өмнө, Н.Энхтуяа нь 2004 оноос Сингапур улсыг зориод сураггүй болсон гэдэг.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж