“Фүкүшима” далайтай нийлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Фүкүшима” далайтай нийлэв

Цацраг идэвхт бодистой усыг далайд асгасан нь Өмнөд Солонгос ба дэлхийн экологичдыг түгшээв

Лхагва гаригт ТЕРСО компанийн ажилтнууд 11,5 мянган тонн цацраг идэвхт бодистой усыг далайд юүлж дуусгав. Энэ ажиллагаа Номхон далайн эко системд хамгийн бага аюултай гэж оператор компани хэлж байгаа ч хөрш Өмнөд Солонгосын ба дэлхийн экологчдыг сэтгэлийг ихээхэн түгшээв.

 Сөүлд япончуудын хийж байгаа үйлдэл сонин хэвлэлээс л мэдэгдсэн байна. Шинжээчдийн тооцоолж байгаагаар “Фүкүшима” станцын байдлыг засахад олон сар хэрэгтэй учраас дэлхийн далай үргэлжлэн бохирдох нь зайлшгүй болж байна.
Сануулахад эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр цацрагтай усыг энэ сарын 4-нөөс далайд асгаж эхэлсэн билээ. Хэд хоногийн дотор 11,5 мянган тонн усыг асгалаа. Түүний 10 мянган тонн нь ашиглагдсан ус ба 1,5 мянган тонн нь тав ба зургадугаар тогоонуудын хавийн радиацийн бага төвшинтэй хөрсний ус байв.
Асгаж буй усанд цацраг идэвхт бодис нь хуулиар тогтоогдсон хэм хэмжээнээс 100 дахин их байгаа бөгөөд ус далайд холилдон маш өчүүхэн бохирдлыг гаргана гэж япончууд хэлж байна. Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эданогийн хэлснээр “усыг асгах нь улам илүү бохирдол гаргахаас сэргийлэх” арга хэмжээ ажээ. Тэр нь цацрагийн бохирдол нь цагт нэг мянган миллизиверттэй усыг хоёрдугаар тогооноос хураах савыг суллан өгч байгаа гэнэ. Тэр бохирдолттой ус сэргээх ажиллагаанд сааад болж буй ажээ.
Усыг далайд асгасан нь хүмүүсийн эрүүл мэндэд хор хөнөөлгүй хэмээн ТЕРСО мэдэгдэж байна. “Хэрэв том хүн АЦС-ын ойролцоох да­лайн бүтээгдэхүүнийг жил хүнсэндээ хэрэглэнэ гэхэд 0,6 миллизивертын цацраг туяа авсан байх юм. Ердийн нөхцөлд хүн жилдээ  2,4 мил­лизиверт цацрагийн бохирдол авдаг” гэж компани тайлбарлажээ.  Эдийн засаг ба аж үйлдвэр, худалдааны сайд Банри Каиэда мэдэгдэхдээ Засгийн газар аргагүйн эрхэнд үүнийг хийлээ. Дахиад усыг далайд асгахгүй гэсэн байна. Гэхдээ Япон Номхон далайд цацраг идэвхт бодистой ус юлэх гэж байгаа тухайгаа Өмнөд Солонгосын Засгийн газарт дуулгаагүй байна. Хөрш орон нь далайг бохирдуулж байгааг солонгосчууд хэвлэлээс л мэдсэн гэж “Чосон ильбо” сонинд өгүүлсэн байлаа. “Хэрэв ямар нэ­гэн орон бидэнтэй зөвлөлдөлгүйгээр хорыг далайд хаяж байгаад нь бид эсэргүүцэл илэр­хийлэх ёстой” хэмээн Өмнөд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч Ким Бон Хюн мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид “Өмнөд Солонгост санууллага өгөлгүйгээр далайг бохирдуулсан нь олон улсын эрхийн хэм хэмжээг Япон зөрчсөн үү” гэдгийг тогтоох гэнэ. “Манай хоёр орны нутаг дэвсгэр ойрхон байрладаг учир япончуудын бохир усыг далайд асгасан нь бидний хувьд асуудал үүсгэж байна” хэмээн Токио дахь Элчин сайдын яамаар дам­жуулан өгсөн мягмар гаригийн Сөүлийн мэ­дэг­­дэлд өгүүлжээ. “Фүкүшимагийн” ослын дараах агаарт хаягдсан цацраг идэвхт бодис Солонгосын хойгийг  ихээр түгшээж байгаа билээ. Тэнд агаар мандлын цацраг идэвхт бодисын хэсэг лхага, пүрэв гаригаас салхинд туугдан хойгт ирнэ гэж үзэж байгаа юм.
Далайд асгасан усны бохирдлын талаар шинжээчдийн санал бодол хоёрдмол байна. “Оросын шинжлэх ухааны академийн цөмийн эрчим хүчний институтын захирал Леонид Большов уг арга хэмжээг АЦС-д ажиллах боломжийг гаргасан маш зөв шийдвэр, бага бохирдолтой ус далайд хор хөнөөлгүй гэж үзэв. Гэтэл “Гринпис” байгууллага ус асгахыг бүрэн эсэргүүцэж байна. Тэд далайн эрэг орчимд цацраг туяаны хордлого их байгаагаас нэмэлт бохирдол аюултай гэж үзсэн бөгөөд Япон 1992 онд гарын үсгээ зурсан цацраг идэвхт бодистой усыг далайд асгаж болохгүй гэсэн олон улсын конвенцийг зөрчлөө гэв.  Үүний зэ­рэг­цээ тэд одоо л зогсоохгүй бол япончууд бага бохирдолтой гэх усаа далайд асгасаар байх болно гэлээ. Ийм үйлдлийн үр дагавар нь ирээдүйд асар их нутаг дэвсгэрт загас агнуурыг хориглуулахад хүрч магадгүйг тэд бас сануулж байна.  Цөмийн болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын үндэсний агентлагийн мэдээгээр АЦС-ын ослын гурван тогооны хонгилуудад цагийн 1000 миллизивертын бохирдолтой 60 мянган тонн ус хуримтлагдсан байна. Тэр нь сэргээн засварлах ажлыг явуулахад сааад болж байгаа бөгөөд түүний хгасыг чөлөөлөгдсөн саванд шавхаж үлдсэнийг нь нэмэлт савнуудад хадгалах гэнэ. Станцын байдлыг урьдчилан хэлэх аргагүй учраас түүнийг сэргээн засахад олон сар хэрэгтэй болно. Тиймээс АНУ, Франц, Орост байгаа асар том оворын танкеруудад уг усыг шавхан хадгалах хэрэгтэй гэж экологичид уриалж байна.
Энэ үеэр станцын ойролцоох далайн усны амьтан ургамалд цацраг идэвхт бодис нэмэгдсэн тухай мэдээлэл гарч байна. Тэр нь загасанд бохирдол нөлөөлөхгүй гэж япончуудын хэлж байсныг үгүйсгэсэн хэрэг юм. Ибараки мужийн Загасны нөөцийн газрын мэргэжилтнүүд зарим загаснаас цацраг идэвхт бодис илэрсэн учир түүнийг хүнсэнд хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж