Үнэ нэмбэл цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Үнэ нэмбэл цалин, тэтгэвэр нэмэхийг шаардана гэв

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хөндсөн сэдэв нь автобус, нийтийн тээврийн унааны үнийн өсөлтийн талаар байлаа.

 Тэрээр хэлэхдээ:

– Холбогдох байгууллагуудаас нийтийн тээврийн унааны үнэ хөлсийг нэмэгдүүлэх талаар гаргасан саналыг манай МҮЭ дэмжихгүй байгаа. Нийтийн тээврийн салбарт хүндрэл бэрхшээл байгааг ойлгож байна. Гэвч үнэ хөлсийг нэмэгдүүлэх иргэдийн нуруун дахь ачааг улам хүндрүүлэх нь цор ганц арга зам биш юм. Энэ жилийн хувьд улсын төсөв тэлсэн, нийслэл бие даасан төсөвтэй болсон. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад  парк шинэчлэлт хийхэд туслах, шатахууныг уул уурхайн салбарын нэгэн адил хөнгөлөлттэй шнээр олгох зэрэг олон боломж бий. Нийтийн тээврийн салбарынхан ч дотооддоо хийх ажил багагүй байгаа. Хөнгөлөлттэй үнээр зорчиж буй хүмүүсээ нягтлах, ажиллагсдынхаа хариуцлагыг нэмэгдүүлэх, алдагдлаа бууруулахад санаачлагатай ажиллах ёстой гэлээ. Хэрвээ МҮЭ-ийн холбооны энэхүү саналыг үл тоон автобус унааны үнийг нэмбэл тус холбооноос дараагийн алхмыг хийнэ гэдгээ мөн үеэр хэлсэн. Учир нь оны өмнөхөн байгуулсан хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээнд нийтийн тээврийн үнэ нэмэх асуудал тусгагдаагүй бөгөөд үнэ нэмэгдвэл цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийг МҮЭ-ийн холбооноос шаардах гэнэ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж