Д.Болдбаатар “Дакар ралли”-ийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Д.Болдбаатар “Дакар ралли”-ийг орхилоо

Элсэн манхны уралдаан “Дакар ралли” энэ жил монголчуудын хувьд онцлогтой болж буй. Монгол тамирчин анх удаа “Дакар”-ын элсэн замд мөрөө гаргасан 34 дэх удаагийн уралдаанд Д.Болдбаатар, Н.Лхамаа гэсэн Монголын хоёр төлөөлөл бий. Харамсалтай нь, Монголын шилдэг автомастеруудын нэг, ОУХМ Д.Болдбаатар уралдааныг орхижээ. Тэрбээр Австрийн “KTM” мотоцикльтой уралдаж байсан бөгөөд тав дахь гарааны үеэр руль нь хугарч, цаашид уралдах боломжгүй болжээ. Уралдааны дүрэмд зааснаар техник хэрэгсэлд гэмтэл гарах үед засварлах боломжтой бол засч, уралдаанаа үргэлжлүүлж болно. Харин солих шаардлагатай болсон бол уралдааныг өндөрлүүлэхээр заажээ. Д.Болдбаатарын мотоциклийн хувьд рулийг солихоос өөр аргагүй тул уралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тэрбээр таван гарааны дараах байдлаар нийлбэр дүнгээр 97 дугаар байрт бичигдэж байсан юм.

Харин ОУХМ Н.Лхамаагийн хувьд 174 дугаартай, “Yamaha” мотоцикльтой уралдаж буй. Тэрбээр бямба гаригт болсон найм дахь гараанд 03:03:29 /гурван цаг, гурван минут, 29 секунд/ цагийн амжилтаар 108 дугаарт бариалжээ. Нийлбэр дүнгээр 113 дугаарт бичигдэж байна.

Уралдааны ес дэх гараа өнөөдөр Аргентиний Сан Мигуэл де Тукуманаас Кордоба хүртэл үргэлжилнэ. Мотоциклийн ангилалд өрсөлдөж буй тамирчид тус гараанд 852 км зайд уралдах ажээ.

“Дакар”-ын аваргууд энэ сарын 20-нд тодорно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж