Хосни Мубаракийн ялыг эргэн харна

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Хосни Мубаракийн ялыг эргэн харна

Бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн хэргийг эргэн харах хүсэлтийг тус орны Даван заалдах шүүх ёсоор болгожээ. Agence France-Presse агентлагийн мэдээлснээр шүүхийн танхимд цугларсан Мубаракийн талынхан уг шийдвэрийг баяр хөөр болон угтаж авсан байна.
                                                        Хосни Мубарак. Фото: Reuters    
Экс-ерөнхийлөгчийн хэргийг хэзээ дахин хянан хэлэлцэх нь тодорхойгүй байна. Түүний хамт бүх насаар хоригдох ял сонссон Дотоод хэргийн сайд асан Хабиба аль-Адлигийн хэргийг ч мөн дахин хэлэлцэхээр болжээ. Гэхдээ түүний хэргийг өөр шүүхээр хэлэлцэх гэнэ.

Мубаракийн хэргийн хүрээнд цагдаагийн өндөр алба хашиж байсан зургаан эрхэм холбогдсон нь шүүхээс тэдний хэргийг цагаатгасан юм. Экс-ерөнхийлөгчийн хоёр хүү Алья, Гамаль нар ч мөн авлигын болоод албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүх танхимд хэдэнтээ дуудагдсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Мубарак сөрөг хүчний эсрэг хүч хэрэглэсэн хэрэгтээ насаараа хоригдох ял авсан. Тэр үед жагсагчид ба цагдаа нарын хоорондын мөргөлдөөнөөр 300 гаруй хүн амиа алдсан юм. Гэсэн ч Египетийн хувьсгал ялж, Мубарак тэргүүтэй эрх дархтнуудыг шүүхийн танхимд гэсгээж эхэлсэн билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж