Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Үндсэн хууль батлагдсаны ой өдөрт зориулан гаргасан УИХ-ын дарга З.Энхболдын ярилцлагыг хүргэж байна.


Монгол Улсын нийт ард, иргэд ээ

Та бүхэнд Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан ойн мэндчилгээг дэвшүүлж байна.

Энэ баярын өдөр Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатууд болон гар бие оролцсон хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    

Монгол Улс тухайн нийгмийнхээ харилцааг зохицуулсан Үндсэн хуулиудтай байсан билээ.

Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ялалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засаг, оюун санаа болон хууль эрх зүйн орчинг өөрчлөх шаардлага тавигдсан юм. Олон хуульч, улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн хүч оролцоотойгоор боловсруулагдсан хуулийн төслийг АИХ-ын 430 депутат 70 гаруй хоногийн турш эрдэм ухаан, мэдлэг туршлагаа дайчлан ажилласны үр дүнд 1992 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан билээ.

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг тусгаснаараа түүхэн ач холбогдолтой.

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулиа өөрчлөх, түүнд нэмэлт оруулах шаардлагын талаар улстөрчид, хуульчид ярьж хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан 2011 онд Улсын Их Хурал “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг батлан гаргасан бөгөөд Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ.

 Улс орны өмнө тавигдаж буй зорилтууд, өнөөгийн нөхцөл байдалд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх шаардлага бидэнд байгаа нь үнэн. Эдгээр асуудлыг Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх үү, эсвэл Үндсэн хуулийнхаа суурь зарчмууд дээр үндэслэн органик хуулиудаа өөрчлөх замаар шийдэх нь зөв үү гэсэн сонголтууд яригдаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь улс төр, хууль зүй, эдийн засаг, шинжлэх ухааны нарийвчилсан судалгаан дээр үндэслэгдэж, улс төрийн намуудын зөвшилцөөн, иргэдийн оролцоо, өргөн олноор хэлэлцүүлэгдэж байж шийдэх ёстой ажил юм.

Бид Үндсэн хуулийнхаа залгамж чанарыг хадгалан баяжуулж, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлсээр ирсэн. Ардчилсан нийгмийг цогцлоосон шинэ Үндсэн хууль ард түмний маань хүсэл зоригийн баталгаажилт байх болтугай.

Монгол Улс мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА             З.ЭНХБОЛД

2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж