
Хууль бус лицензтэй холбоотой авлигын энэхүү хэрэгт АМГ-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Т.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бар-Ирээдүй нарыг буруутган шалгасан.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, АМГ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон болохыг тогтоогоод байгаа. Мөн ашиглалтын эрхийн хугацаа нь дуусч, АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргасан “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.