
Жишээ татвал сарын орлого нь 800 мянган төгрөг дотор эргэлддэг иргэн Доржийнх жилийн зургаан хувийн хүүтэй 50 сая төгрөгийн зээлийг 25 жилийн хугацаатай авч чадвал эднийх гурван сая гаруй төгрөг зээлд төлнө. Сар бүр тогтмол төлж, чадвал 50 сая төгрөг дээр хүүнд нэмж 37 сая төгрөг төлнө гэсэн үг. Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэнчлэн жилийн 18 хувийн хүүтэй орон сууцны зээлд иргэн Баяраагийнх хамрагдахад ямархуу дарамт ирэх бол. Зургаан хувийн хүү гурав дахин өсч, 18 хувиар тооцогдоход том тоо гарч байгаа юм. Зөвхөн жилийнх нь хүү 18 хувиар тооцоход есөн сая төгрөг болно. Тогтмол зээлээ төлөхөд 25 жилийн дараа 50 сая төгрөг дээр 112.5 сая төгрөг төлөх нь. Зөвхөн хүү нь 112.5 сая төгрөг шүү дээ. Харин Ерөнхий сайдад жилийн 18 хувийн хүү юу ч биш бололтой юм. Ард түмнээ тийм баян гэж бодоод байна уу, аль эсвэл тооны ухаанд тийм тааруу хүн үү. Гэхдээ нэг зүйлийг сануулъя, өдгөөгийн Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрын үед Тэргүүн шадар сайд байхдаа жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй уулзах үеэрээ юу гэж хэлдэг байлаа. “Манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл зээлийн хүү байна. Зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгахгүйгээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих бололцоогүй байна” гэж их л зовлонг нь хуваалцаж байгаа хүний өнгөөр ярьдаг байв шүү дээ. Харин тэрээр ердөө л жил гаруйхны өмнө ярьж байснаа Ерөнхий сайд болонгуутаа мартчихлаа. Үнэндээ бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн хүү орон сууцны зээлтэй харьцуулбал үдийн хоолны мөнгө л гэмээр байгаа шүү дээ, нарийндаа бол…
Саяхан Монголбанк, Барилга хот байгуулалтын яам хамтран барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах чиглэлээр тодорхой хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Орон сууцтай болохыг мөрөөдөгсөд дахиад л горьдлого тавин хүлээлээ. Гэвч тэдэнд горьдлого төрүүлэх юм үнэндээ алга. Өнөөх л барилгынхан гэх мөнгө хүүлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжих нь. Нийт 370 тэрбум төгрөгөөр барилгын компаниудыг санхүүжүүлэхээр болжээ. Бас тэгээд энэ хөтөлбөрт хамрагдахаар орон сууц барих компаниудад газар, дэд бүтцийг нь үнэгүй шийдэж өгөх бололтой юм. Тэглээ гээд барилгын компаниуд нэг кв метр нь 2000 ам.доллараар үнэлэгдэж байгаа орон сууцныхаа үнийг бууруулах уу. Нөгөөтэйгүүр, дээрх хөтөлбөр барилгын компаниудад метр квадратынхаа үнийг буулгахгүй байх сайхан шалтаг болж мэдэхээр байна. Учир нь байрныхаа үнийг тэнгэрт тултал нэмчихсэн хойно дахиж нэмэхээр хэн ч тоохгүй нь ойлгомжтой. Тийм л үед төр Үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм чинь барилгын компаниудад азны юм л болж байгаа байхгүй юу. Шалгалт ирээд үзэхэд үнэ хэвээрээ.
Амьдралаас урган гарах жишээгээр хамгийн хямдад тооцогдох нэг кв метр нь 1600 ам.доллартай тэнцэх орон сууц сонирхоход нэг өрөө байр 50 сая төгрөг хол давах нь. Дээр нь жилийн хүү нь 18 хувиар тооцогдоход яг л “ломбардуулж” байгаа юм шиг зээлдэгч хүүлүүлэх болж байна. Үүнийг нь бага, дунд орлоготой иргэд дийлэх үү? Харамсалтай нь яаж ч хичээгээд хүчрэхгүй. Баячууд бол түүртэхгүй. Бодит амьдрал дээр бага, дунд орлоготой иргэдийн сарын орлого 500-600 мянган төгрөгт гэдэг. Харин энэ бүлгийнхэнд зориулсан орон сууцжуулах хөтөлбөрийг шинэчлэлийн Засгийн газар хэзээнээс хэрэгжүүлэх гээд байна вэ. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа л гэсэн. Тэр нь яг бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах уу гэдэг одоо хэр нь ойлгомжгүй л байна. Хэрвээ Ерөнхий сайдын ахалж буй тус ажлын хэсгийнхэн сарынх нь орлого 500‑600 мянган төгрөг дотор эргэлдэх хэсэгт хандаж үйлчлэхээр хөтөлбөр боловсруулж чадахгүй юм бол Улаанбаатарын гэр хороолол дахь 130 мянган өрхийн тоо бууртал өдий.
Цаг алдалгүй цалингаараа орон сууцтай болмоор байна, Ерөнхий сайд аа. Улаанбаатарын утаанд уушиг ч тэсэхгүй нь.