Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын гурвынх нь сарын хэрэглээ 97 мянган төгрөгөөс доогуур байна гэсэн үг. Тэгвэл 97 мянган төгрөгөөр юу авч болох вэ. Өнөөдөр кг гурил дунджаар 720, хамгийн хямд талх 560, цагаан будаа 1600, мах 6800 төгрөгийн үнэтэй байгаа. Эдгээрээс тус бүр нэг кг-ыг худалдаж авбал 9480 төгрөг болно. Харамсалтай нь үүгээр бүтэн сар амьдрах ямар ч боломжгүй. Дээр нь нүүрс, автобус, хувцас зэрэг зайлшгүй зардлуудыг нэмбэл 97 мянган төгрөгөөр 14 хоног өлмөн зэлмэн амь зогооно.
Гэтэл одоо шатахууны үнэ нэмэгдсэнээс болж эдгээр иргэний орлого өсөөгүй ч зардал нь талийчихлаа. Хамгийн гол нь 100-хан төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнэ ядуусын нуруун дээрх дарамтыг хоёр дахин нэмсэн гэхэд хилсдэхгүй.
Тэдний өдөр тутмын амьдралд 100 төгрөг хэрхэн нөлөөлж буйг эрх баригчид, үнээ дураараа нэмдэг үйлдвэрлэгч, импортлогчид ойлгодог болов уу.
Өдөр бүр шатахуун, гурил, будааны үнэ нэмэгдчих вий гэсэн айдас дүүрэн байгаа цагт монгол айл өрх өсөн дэвжих тухай ярих хэрэг байна уу.
Мэдээж үнийн дарамтын эхлэл нь шатахууны үнэ өсөх явдал. Ардчилсан төр 23 жил шатахууны хараат байдлаас гарах талаар ярьсан ч өнөөдрийг хүртэл юу ч хийж чадсангүй.
Үүнээс үүдээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сар тутам, цаашлаад улирал тутамд өсөж байна. Өнгөрсөн оны эцэст инфляци 12 хувьд хүрсэн нь үнийн дарамтын тод жишээ болох биз.
Хамгийн наад захын жишээ микро автобус, таксины жолооч нар үйлчилгээний тарифаа дураараа нэмдэг болчихсон. Уг нь тогтоосон журмаараа микро автобус 500 төгрөгөөр үйлчлэх ёстой.
Гэтэл өнөөдөр энэ тарифаар явдаг микро автобус ховордсон. Тэд 19:00 цагаас хойш 1000 төгрөгөөр явдаг жишиг бараг тогтчихож.
Хувийн машинаараа таксины үйлчилгээ эрхэлж буй иргэд нь нэг км-т 800 төгрөгөөр явдаг болсон. Цаашлаад нийтийн тээврийн үнэ энэ сарын 23-наас 600 төгрөг болох талаар автобус компаниуд мэдэгдээд байна. Нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг Засгийн газрын зүгээс авч болох юм.
Тухайлбал, нийтийн тээврийнхэнд татаас өгөх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын үнэгүй зорчих эрхийг цуцлах зэрэг зохицуулалт хийх боломжтой.
500 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах гээд үзээрэй, эрх баригчид аа
Баян чинээлэг хүнд манай нийгэм дэх үнийн өсөлт аар саархан зүйл юм шиг санагддаг байж мэднэ. Тиймээс энгийн нэг айлын жишээг дурдах нь зүйтэй байх.
Иргэн Дорж Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр хотын үйлдвэрийн районд ажиллаж, сард 500 мянган төгрөгийн цалин авдаг. Өөрийн гэсэн хашаа, байшинтай. Нэг хүнд ногдох өрхийн орлого нь 125 мянган төгрөг байгаа учраас энэ айлыг хэн ч харсан ядуу өрх гэж хэлэхгүй. Гэсэн ч Доржийн цалин амьдралд нь хүрэлцдэггүй байна.
Арга ч үгүй биз. Эхнэр нь хоёр жаахан хүүхдээ хараад ажил хийх боломжгүй учраас Доржоос өөр мөнгө олох хүн байхгүй.
Сард дунджаар 20 кг махыг 120 мянган төгрөгөөр авдаг. Мөн 10 кг гурил, 10 кг будаа, 15-20 кг хүнсний ногоо, 25-30 талх хүнсэндээ хэрэглэдэг аж. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор хоол хүнсэндээ 200 мянган төгрөг зарцуулдаг ч энэ нь хангалттай хүрэлцдэггүй.
Уг нь нийтийн тээвэрт 24 мянган төгрөг төлөөд бүтэн сарын турш явж болно. Гэтэл сард 100 мянган төгрөг зарцуулах шаардлагатай болдог аж.
Яагаад гэвэл, микро автобус, таксинд суухаас өөр аргагүй болдог үе бишгүй гардаг. Тодруулбал, Дорж “3” дугаартай автобусаар ажил, гэрийнхээ хооронд шууд явах боломжтой ч автобус эрт буудаг, заримдаа ирдэггүй гэх шалтгаанаар микронд сууж, 2-3 дамжин байж гэртээ харих шаардлага гардаг аж.
Өвлийн улиралд хамгийн багадаа хоногт гурван уут нүүрс, нэг уут мод хэрэглэнэ гэж тооцвол 6600 төгрөг. Тэгвэл сард 198 000 төгрөгөөр дулаан суух хэрэг гарах нь.
Ингээд тогтсон ажил, өөрийн гэсэн гэр бүлтэй, бусдын нүдэнд тун дажгүй амьдралтай Доржийн цалин яаж ч хэмнэж, хичээгээд сарын хэрэгцээнд нь хүрэхгүй болж таарлаа. Гэтэл өнөөдөр сарын 500 байтугай 50 мянган төгрөгийн орлогогүй айл олон бий. Хэрвээ нийтийн тээврийн хөлс 600 төгрөг болчихвол микро нь даруй 1000 төгрөг болж, орой болохоор 1500-2000-ыг нэхэж, таксины хөлс дор хаяж 1000 төгрөг болох нь тодорхой болоод байна. Нөгөө талаасаа цалин хөлсийг 50 хувиар нэмэхгүй, тийм ч боломж байхгүй. Үүнэс харахад ядуу, дундаж хэмээн ангилалд байгаа айл өрхөд өсөн дэвжих боломж нөхцөл үнэндээ алга.
Эх сурвалж: "Өглөөний сонин"