
Монголын үе үеийн улстөрчид улс орны амьдрал, ард иргэдийн амьжиргаа сайжрахгүй байгаа бурууг өмнөх үедээ тохож, өөрсдөө хариуцлагаас мултран үлддэг дархан мэхтэй хүмүүс. Энэ байдал дөрвөн жилийн дараа ч үргэлжилж мэднэ. Одоо яриад байгаа олон сайхан шинэчлэл нь цаасан дээр үлдэх вий гэсэн хардлага Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар руу чиглэгдэж байгааг Ерөнхий сайд одооноос сайтар бодолцож явахад илүүдэхгүй.
Саяхан хотын дарга Э. Бат- Үүлийн экологи хариуцсан орлогч нь «Улаанбаатарын утаа 30 хувь багассан» гэсэн. Бид ноднингоос 30 хувь бага утаа уушгилж яваа болж таараад байгаа юм. Экологи хариуцсан тэр сүрхий даргыг Баянхошуу, Хайлааст, Шархадны гэр хороололд нэг орой аваачин харанхуйлан хоолой хорсгох утаан дунд орхиж нэг жаахан угаартуулж, «Би худлаа хэлсэн юм аа» гэтэл нь буулгаж авах юмсан.
Ер нь, шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Баянхошууны харанхуй хар утаан дунд очиж хагас сайн өдрийнхөө халаа сэлгээний хурлыг хийвэл зохилтой санагдана. Яагаад гэвэл амралтын өдрийн үдээс хойш гэр хорооллын утаа дээд зэрэгтээ хүрч, зөрж өнгөрөх хүн байтугай машин тэрэг харагдахаа больдог. Яг л тийм харанхуй утаан дунд халаа сэлгээ, элдэв наймааны томилгоо хийж байхад таарах бус уу. Яагаад гэвэл хожим нь будлиантай томилгоо хийгдсэн байна гэсэн хэрүүл тэмцэл гарвал Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд «Бид шинэчлэл хийж, Засгийн газрын хуралдаанаа Баянхошууны гэр хороолол дунд хийсэн чинь бүгд угаартаад, будлиантай шийдвэр гаргасан байна. Дахиж л гэр хорооллын утаан дунд хуралдаан хийж, ийм завхарсан шийдвэр гаргахаа больё» гээд сууж байвал хүмүүс ойлгоно. Шинэчлэлийн Засгийн газар тийн хуралдаж, нэг сайн угаартсаныхаа дараа эмчилгээ хийлгэж, сэргэж аваад дампуурлаа зарлах нь холгүй байгаа Таван толгойн уурхайн нүүрсэн дунд суугаад дараагийн хуралдаанаа хийчих хэрэгтэй. Тэгвэл тэдний гаргах шийдвэр цаасан дээр үлдэлгүй Таван толгойн нүүрсэнд шингэж, мань мэтэд нь тэндээс олгох 1072 хувьцааныхаа мөнгө найдвартай болох ч юм бил үү. Тэгээд дараа нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд очиж нефть боловсруулах үйлдвэрийн шавь тавьсан газраа хуралдчихвал бүр «окей». Тэгвэл Д.Ганхуяг сайдын чих улам зөөлөрч, 2015 онд монголчууд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихсон маадайгаад сууж байх ч юм бил үү.
Н.Алтанхуяг сайд аа, хийх ажил ч их байна даа, хөөрхий. Гэхдээ эхлээд Баянхошуунд очоод л засгаа хуралдуулж үз. Гуйж байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"