Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Жаатай нохой”

Улс төрийн ертөнцөд энэ хүн “галзуу нохой нэртэй”. Өөрт нь томрох гэж оролдсон хэнбугайд ч харин “ярдаг нохой”. Хэд хэдэн ном хэвлүүлээд амжсан “эрдэмтэй нохой”. Хүүхнүүдээр өөрийгөө хамгаалуулдаг “жаатай нохой”. Хачин этгээд хувцасладаг “донжтой нохой”. Хар шилнээс салдаггүй “этгээд нохой” Хэдэрлэж байгаад хэнийг ч урж мэдэх “эвгүй нохой”.


Тэртээ хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч агсан Рональд Рейган түүнийг “Ойрхи Дорнодын галзуу нохой” хэмээн хочилсон нь одоо түүний нэр нь шахуу болжээ. Түүнийх нь хариуд Гаддафи “Рейган галаар наадаж байна даа. Тэр амьдралыг театр гэж асар том эндүүрээд байх шиг байна” хэмээн хэгжүүнээр мэдэгдэж жүжигчний мэргэжилтэй Ерөнхийлөгчийг хөнгөхөөн чимхээд авсан түүхтэй. Дараа нь Америк Ливийн газрын тосыг импортлохоо зогсоосон. Обаматай гар барин, Саркозитой сүжирч, Тони Блэйрийг нутагтаа авчирч дөнгөсөн их эд. 27-хон насандаа цэргийн эргэлт хийж, хаанаа унаган, 42 жилийн турш улсаа удирдаж яваа энэ эрийн намтар түүх, нэр шигээ ээдрээтэй. Гадафи, Кадафи, Гаддафи гээд олон янзаар түүний нэрийг бичдэг. Аль нь зөвийг бүү мэд.


Буу барьсан хүүхнүүдээр бие хамгаалагч хийлгэдгээрээ тэр зартай. Хаана ч явсан майханд унтдагаараа алдартай. Парис, Ромд айлчлахдаа ч, Нью-Йоркод НҮБ-ын Чуулганд оролцохдоо ч майхнаасаа салаагүй. Нигерт айлчлахдаа буутай 200 цэргээр хамгаалуулан бууж байсан түрэмгий эр. Харин түүний өнгө өнгийн гоё нөмрөгүүдийг франц дизайнер урладаг. Яаралтай үед захиалсан хувцсаа хурдан бэлэн болго гэж бас дарамталдаг сурагтай. Гаддафи Украйны дөрвөн сайхан хүүхнээр сувилагч хийлгэн биеэ асруулдаг “овоо гар” Тэд нь зүгээр ч үгүй хачин сайхан хүүхнүүд гэж байгаа. Энд тэнд тавьсан ганц нэг зургуудыг нь харахад эгээ л фото модель шиг бүсгүйчүүд. Хар шил зүүж хэзээ ч галлахад бэлэн буу шиг ширүүн харцаа тэр нуудаг. Инээсэн ч нүдэнд нь харагдаад байдаг энэ ширүүн эрийн имиж товчхондоо ийм. Албан ёсны ажлын өрөө, албан тушаал түүнд байхгүй. Зүгээр л майханд амьдардаг Ливийн удирдагч. Харин үзэл бодлын хувьд тэр хэн бэ?


Өөрийн үзэл бодол, улс төрийн философио тэрбээр “Ногоон ном” хэмээн гурван боть номондоо бичсэн. 1975-79 онд бичсэн тэдгээр ботиуд товчхондоо бол Исламын социализм хэмээх ойлголтын тухай. Арабын үндэсний үзлийг ардчиллын тулгуур ойлголттой нийлүүлэн түүний бий болгосон хөгжлийн чиг хандлага. Капитализм, социализмын тэг дундуур нь явах шинэ зам. Энэ тогтолцоонд ард түмэн эрх барьдаг. Тийм ч учраас Гадаффид ямар нэг улс төрийн албан тушаал байхгүй. Тэр зүгээр л эрх барьж буй ард түмний хөтөч нь. Тэр эх орондоо архи, мөрийтэй тоглоомыг хорьсон. Боловсрол, нийгмийн халамжийн салбарт мөнгө харамлалгүй цацдаг. Арабын ертөнцийг нэгтгэн хүчирхэгжүүлэх нууцхан төлөвлөгөөтэй. НҮБ-аас гаргадаг хүний хөгжлийн индексээр Африктаа хамгийн өндөр орон болж чадсан. Гаддафийг төрийн эргэлт хийж байх үед Ливи хүний хөгжлийн индексээр Бразилийн дараа бичигддэг байлаа. Харин одоо Ливи 53, Бразил 73-т жагсдаг. Юутай ч энэ индексээр Ливи Африктаа тэргүүлдэг болжээ. Эмнэлэг болоод бүх нийтийн боловсрол үнэгүй. Нийт оюутнуудын 10 хувь нь гадаадын их сургуулиудад тэтгэлгээр суралцдаг. Боловсролыг дэмждэгээрээ “галзуу нохой” үнэлэгддэг. Өөрөө тэр Ливийн их сургуулийг хуулийн мэргэжлээр дүүргэсэн. Дараа нь Цэргийн академид суралцсан. Төгсөөд 1965 онд Британийн армийн ажилтны коллежид суралцсан. Тэр бас 1996 онд “Там руу зугтсан нь” нэртэй богино өгүүллэгийн номоо хэвлүүлсэн шаггүй толгой.


Хүндэлдэг улстөрч нь АНУ-ын хоёр Ерөнхийлөгч Авраам Линкольн, Жорж Вашингтон. Энэтхэгийн Махатма Гандийг биширдэг. Британийн зохиолч Колин Уилсоны “Гадны хүн” номыг унших дуртай. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол намайг дэлхий дахинд үнэн зөвөөр таниулах гүүр гэж ойлгодог” хэмээн ярьж байсан удаатай.


Ливийн удирдагч болонгуутаа тэрбээр хүчирхэг арми бий болгосон. Ард түмний ахуй амьдралыг дээшлүүлж, нийгмийн халамжийг сайжруулахаар тэрбум тэрбумаар доллар зарцуулан үүгээрээ ард олны дунд ихээхэн нэр хүндтэй болсон. Цөлд ухаж гаргасан худагнуудаас эрэг хавийн бүс рүү ус татах ажилд бас тэрбумаар нь мөнгө хаясан. Арми, цагдаа, оюутны байгууллагуудын дэргэдэх нийгмийг цэвэршүүлэх хөдөлгөөн гэгчийг өрнүүлж, ёс суртахууны кампанит ажил өрнүүлсэн нь тун амжилттай болсон гэгддэг. Африкийн олон орноос мянга мянган залуус Ливид ажил эрхлэхээр ирдэг.


Гэхдээ мань эр будлиантай. 1988 онд 259 зорчигчтой онгоцыг Шотландад дэлбэлсэн ажиллагааны хариуцлагыг Ливи өөртөө хүлээсэн. 1972 оны Мюнхений зуны олимпийн үеэр аймшигт алан хядах ажиллагаа явуулсан “Хар есдүгээр сар” хөдөлгөөний санхүүжүүлэгч гэдгээ мэдэгдсэн. 1986 онд Берлиний нэгэн диско клубт болсон дэлбэрэлтэд түүний оролцоо бий гэдгийг эх сурвалжууд баталдаг. Энэ мэтчилэн түүний намтрын хар жагсаалт чамгүй урт хөвөрнө.


2002 онд Гаддафи Италийн хөлбөмбөгийн нэгэн клубийн 7.5 хувийг 21 тэрбум ам.доллараар худалдаж авсан. 2004 оны Дэлхийн шатрын аваргын тэмцээний шагналын санг тэрбээр гаргасан. Пакистаны крикетийн хамгийн том стадион түүний нэрэмжит. 2002 оны арваннэгдүгээр сард интернэтээр сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулсан нь Ливид төдийгүй дэлхий дахинд ч анхных байсан.


Гаддафи найман хүүхдийн эцэг. Долоо нь хүү. Ууган хүү нь Ливийн Олимпийн хороог удирддаг, үүрэн телефоны сүлжээ эзэмшдэг. Удаах хүү нь зураач, буяны ажил эрхэлдэг. Түүний дараах хүү Ливийн Хөл бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүн. Газрын тос болоод кино урлагийн бизнесээр чамгүй мөнгө олдог. Тав дахь хүү жаахан дэггүй. Хэд хэдэн алан хядах ажиллагаанд оролцсон дуулиантай. Жирэмсэн эхнэрээ зодож байсан удаатай. Удаах хоёр хүү нь цагдаагийн офицер. Ганц охин нь хуульч. Саддамын дэглэмийн үед батлан хамгаалах салбарт нь ажиллаж явсан. Гаддафийн өргөж авсан охин нь 1986 онд АНУ-ын агаарын хүчний бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдсэн. Бөмбөгдөлтөөс хорин жилийн хойно охиноо амь үрэгдсэн өдөр “Энх тайвны төлөөх концерт” нэртэй тоглолт зохион байгуулж, түүнд нь АНУ-аас дуучид ирж оролцож байсан юм.


Харин одоо энэ этгээд эрийн 42 жил толгойлсон улс оронд юу болоод байна вэ? Гал цогтой явсан “галзуу нохой” ард түмэн ч үгүй, эх орон ч үгүй “золбин нохой” болох гээд байна уу? Түүний 27-хон насандаа ширээнээс нь түлхэн унагасан Идрис хаан Арабын ертөнц дэх Америкийн утсан хүүхэлдэй байсан хэмээн эх сурвалжууд түүх сөхөж байна. Дараагийн утсан хүүхэлдэй Мубарак нь “өнхрөөд” өгсөн болохоор дахин нэг жүжиг найруулах шаардлагатай болсон хэмээн хардаж байна. Босогчдод нь санхүүгийн тусламж үзүүлээд байгаа Саркози нутагт нь айлчлан саймширч байхдаа Гаддафигаас сонгуулийн хандив авсан уу хэмээх асуултын хариуг дэлхийн хэвлэлүүд нэхэж байна. Ирэх сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Обамад баатрын одонтой шинэ имиж зурж өгөх шинэ дайсан хэрэгтэй болсон юм биш биз хэмээн улс орнууд шивэр авир хийж ч байна. Гаддафийн оронд тэгээд хэн гэж? Бас л асуулт. Утсан хүүхэлдэй юү? Улсын удирдагч уу? Хэн ч байлаа гээд Ливийн ард түмэн хожих уу гэдэг асуултыг BBC-гийн тоймч тавьж байна.


Ганган имижтэй, догшин дүртэй, галзуу хочтой эрийн намтар ямар өнгөөр үргэлжлэх бол?


Б.Цацрал


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж