
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан Тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлж эхэлсэн жил буюу 2005 онд Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Монголд 2005 оны долдугаар сарын 1-ний өдөр энэ хууль хэрэгжиж эхэлсэн бол дэлхийд яг хоёр сарын өмнө энэ конвенцийг баталсан байдаг. Дэлхийн 170 гаруй улс нэгдэн орсон учраас бид энэ хуулийг батлахаас өөр сонголт үлдээгүй. Сонголт байсан ч нэгдэн орчихсон учраас “зэлтэрийн гацаанд” орчихсон хэрэг. Хэдийгээр онцгой албан татвар болоод дотоодын үйлдвэрлэгчдэд ерөнхийд нь татвар авдаг байсан ч нэгэнт нэгдэн орсон конвенцийг дагаж мөрдөхийн тулд “чангалсан” хууль гаргах ёстой болсон хэрэг. Ямар ч байсан конвенцид тусгасан үүргээ биелүүлж хуулиа баталсан. (Хэрэгжилт хангалтгүй байсныг та бүхэн мэднэ)
Хууль сахиулагчдад сонголт байгаагүй ч хуулийг сахих ёстой “этгээд”-үүдэд ямар байсан бол?…Энэ хуулийн 9 дүгээр зүйлд тамхи татаж болохгүй газруудыг тодорхой заасан нь бий. Та вагоноор зорчиж байгаа бол купенд, мөн нийтийн тээврийн хэрэгсэо болон шатахуун түгээгүүрийн газрын ойр орчимд тамхи татаж болохгүй. Харин үзвэр үйлчилгээ, нийтийн хоол, баар, цэнгээний газарт тусгайлан зөвшөөрөгдсөн газар л татах ёстой. Хэрвээ энэ хууль хэргэжсэн бол шүү дээ. Арай өөрөөр хэлбэл, хууль сахигчдад дагах уу, эс дагах уу гэдэг маш “том” сонголт үлдчихсэн хэрэг. Жишээлбэл, баар цэнгээний газрынхан үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд энэ хуулийг “мартдаг”. Шатахуун түгээгүүрийн станцууд бол харин ашгүй тодорхой, угаасаа хүний амь, нас эд хөрөнгөтэй холбоотой, онцгой объект учраас тамхи татуулдаггүй. Гэхдээ зарим станцуудыг эс тооцвол эс тооцвол шүү дээ. Үндсэндээ шатахуун түгээх станцаас бусад газар тамхины хориг бүрэн утгаараа хэрэгждэггүй гэсэн үг.
Яагаад….? 2005 оны хуулиас харвал бүх л субъектүүдэд сонголтыг үлдээчихэж. Нэгэнт хуулийг хэрэгжүүлэх талаар тодорхой зүйлсийг дурьдаагүй учраас хэрэгжилт нь ийм болсон байж болох. “Тамхины хууль хэцүү л дээ. Хэрэгжилтийг хэн хянах юм бэ гэдгээс эхлээд хуулийн нэршил зэргээс авахуулаад анхаармаар зүйл их байсан. Хамгийн гол нь олон нийтэд дам тамхидалт гэдгийг ойлгуулахгүйгээр энэ хуулийг хэрэгжүүлнэ гэж байх ч үгүй” гэж хүний их эмч С.Нарантуяа ярьлаа.
Тамхи “баяртай” юу…
Бид 2005 онд Тамхины хяналтын тухай хуулийг батлахдаа торгууль ногдуулах, торгуулийн хэмжээний тухай нарийн чанд заасан ч амьдрал дээр тэр бүр хэрэгжээгүй. Мөн хэрэгжилтийг хэн сахиулах вэ гэдгээ тодорхой болгоогүй. Хэдийгээр Засгийн газар, харьяа аймаг, дүүргийн засаг дарга, холбогдох чиглэлийн байгууллагууд хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэж тус хуулийн 11 дүгээр зүйлд заасан ч тус болсонгүй. Харин Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон УИХ-аар дэмжигдэн энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс тамхины “шинэ” хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Үүнд хэд хэдэн өөрчлөлтүүд бий ч хэрэгжих эсэх бас л эргэлзээтэй. Энэхүү хуулийн өөрчлөлтөд дам тамхидалтыг голчлон анхаарчээ. Өмнөх хуулинд баар цэнгээний газар, нисэх буудал гэх мэт олон нийтийн үйлчилгээний газруудад тусгай өрөө, орчин бүрдүүлэх тухай зааж байсан бол шинээр хэрэгжих хуулиар тусгай өрөө байхгүй болно. Өөрөөр хэлбэл, таны тамхи татах эсэхийг бүр мөсөн хорих гэж оролджээ. Өмнөх хуулийн есдүгээр зүйл дээр сургуулийн дотуур байр, бүх шатны сургууль, гаднах орчин, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг хориглож байсан бол энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи татахгүй байхаар тусгажээ. 2005 оны хуулиар бол энэ зай арай богино 100 метрийн дотор байсныг санахад илүүдэхгүй. Хэрэгжих эсэх нь мэдэгдэхгүй ч таатай мэдээлэл байгаа нь баар, цэнгээний газарт тамхиар үйлчлэхгүй байхаар болсон. Мөн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдаалахгүй болсон бол “хуучин” хуулиар энэ насны хязгаар 18 байсан билээ.
Ногдуулах торгуулийн хэмжээнд ч өөрчлөлтүүд оржээ. Хэрвээ та тамхи татаж яваад баригдвал 50 мянган төгрөгөөр торгуулна. Харин хуулийн заалтуудыг зөрчсөн албан тушаалтынг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Өмнөх хуулинд торгуулийн хэмжээ 30-250 мянган төгрөгийн хооронд “эргэлдэж” байсан гэдгийг сануулъя.
“Сүүлийн 20 жил манай улсад тамхидалт газар авч, хүн амын дөрвөн хүний нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байна. Насанд хүрэгсдийн 42 хувь, хүүхдүүдийн 54 хувь нь гэртээ дам тамхидалтад өртөж байна. Судалгаанаас харвал 15-24 нас хүүхэд, залуусын дунд тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь хамгийн их санаа зовоох асуудал болж, элдэв өвчин, хорт хавдрын шалтгаан болж байгаа юм” гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярьж байжээ.
Үдэж чадсан туршлага
Гадаадад улс, орнуудад тамхины эсрэг хуулийг батлахдаа нэг зүйлийг голчлон анхаардаг. Энэ нь тамхинаас гарахыг хүсэгчдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн төвийг байгуулах. Тэнд тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зориулсан үнэгүй зөвлөгөө, эрүүл мэндийн хяналт зэргийг тогтмол явуулж, сар бүр эмчийн дүгнэлт үйлддэг байна. Үүнийг Скандинав болоод баруун Европын орнууд ихэвчлэн хэрэгжүүлдэг. Хэрвээ иймэрхүү зөвлөгөө мэдээллийн төвийг хангалттай хэмжээнд байгуулчихвал хуулийн хэрэгжилтэд таатайгаар нөлөөлдөг байна. Мөн заавал торгууль тавих байдлаар бус тамхичдыг бөгөөд сургалтад хамруулж, тамхины хор уршгийн тухай зөвлөгөөнд албадан хамруулах тогтолцоо ч бий. Гадны туршлагаас харвал тамхи үйлдвэрлэгчидтэй голчлон тэмцдэг бөгөөд албан татварыг нь нэмдэг байна.
Энэ мэтчилэн олон “шпи” биднийг тойрон эргэлдэж буй. Гэвч монголчуудын уламжлал ёсоор эрхэм хууль тогтоогчид энэ удаад торгох, хориглохыг л чухалчилж. Эцэст нь эргэлзээтэй байгаа хамгийн том асуултаа дахин тавья. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ч өмнөхөөсөө дээрдэх үү гэдэг маш том асуулт. Асуултад хэзээ хариулт гарч ирэх бол… Магадгүй ирэх гуравдугаар сарын 1-нээс…
Жич: Дэлхийн зөвхөн 17 оронд тамхинаас татгалзахад нь зориулсан үйлчилгээ байдаг. Хөгжил буурай орнуудын 29 хувь, дундаж орлоготой орнуудын 8 хувьд нь муу зуршлаас татгалзахад нь зориулсан үйлчилгээ байдаггүй.