Эрх баригчдын өгсөн ээлжит “шанаа”

Хуучирсан мэдээ: 2013.01.14-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын өгсөн ээлжит “шанаа”

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш дөнгөж тав дахь сарынхаа нүүрийг үзэж байгаа ч харьцангуй эрт “зөнөж” байх шиг. Зөнөв хэмээсний учир нь саяхныг хүртэл “шинэ залуу ардчилагчид” хэмээн нэрлэгдэж байсан Ардчилсан намынхан энэ засгийн өнгөн дээр ардчилагчийн өнгө төрхөө илт гээж, “хуучин коммунистууд” гэгдэж байсан МАН, МАХН-аас илүү дарангуйлагчийн өнгө төрхийг үзүүлэх болсон явдал. Гэхдээ энэ үзэгдэл он гарсаар илт онцгойрох болсныг хэлэх хэрэгтэй.

Эхлээд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдаж, цөөнх болсон МАН-ын нөхдийг илт ялгаварлав. Хэдийгээр МАН орон нутгийн сонгуульд ялагдсан ч гэлээ зарим аймагт олонхи болж, Засаг даргаа томилох хэмжээний суудал авч чадсан билээ. Гэвч Ерөнхий сайд тэдгээр аймгуудын ИТХ-аас ирүүлсэн Засаг даргаа сонгосон шийдвэрийг нь батламжилсангүй. Найман аймгаас зургааг нь буцаажээ.

Хэдийгээр тэдгээр аймгуудад өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн явдал гарч, асуудал нь шүүх, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ч нэгдүгээрт тэдгээр нөхдийн гэм бурууг шүүхээр хараахан тогтоогоогүй байгаа. Хоёрдугаарт, нэгэнт сонгуулийн үр дүнгээр МАН аймагтаа олонхи болж, түүнийг нь тойргийн хороод баталгаажуулан мандатыг нь өгчихсөн байхад тухайн аймгийн Иргэдийн хурлаас гаргасан хууль ёсны томилгоог Ерөнхий сайд батламжлахгүй буцаасан нь МАН-ын гишүүдийг бухимдуулаад зогсохгүй олон нийтийн дунд ч эрх барьж байгаа Ардчилсан намд эргэлзэх эргэлзээг бий болгож байна. МАН-аас нэр дэвшиж томилогдсон аймгийн Засаг дарга нар батламжаа авч чадалгүй 48 хонож байхад Ардчилсан намын Засаг дарга нар 3-24 цагийн дотор Ерөнхий сайдаас батламжаа авсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Үүнийг улс төрийн ялгаварлал гэхээс өөр юу гэвэл зохилтой вэ.

Харин МАН-ын намын дарга Ө.Энхтүвшин энэ бүхнийг үл тоон шоронд ял эдэлж байгаа Н.Энхбаярыг эргэж, түүнийг өмөөрөн өлсгөлөн зарласан эхчүүдийг эргэсэн нь ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой биз. Магадгүй анхан шатны болон Нийслэлийн шүүхээс МАХН-ын даргад өгсөн ялыг Улсын дээд шүүх баталгаажуулснаар Ө.Энхтүвшинд ирэх тавдугаар сард болох сонгуулиар энэ хоёр намыг нэгэн зэрэг эрхшээх том боломжийг атгуулсан ч юм билүү, хэн мэдлээ. Тиймээс ч мань хүн өнгөрөгч УИХ-ын сонгуулиар намынхаа удирдлагуудын гаргасан хатуу байр суурийг ч үл ойшоон Н.Энхбаярт “авралын харц” чулуудаж байж мэдэх юм.

Гэсэн ч олон нийтийн хувьд нэгэнт сонгуульд ялагдаж, эрх мэдлээ алдсан МАН-ын даргын урвалт болоод улс төрийн хожоо чухал бус. МАХН-ын даргын Н.Энхбаярын ял завшихаар хийж байгаа арга барсан тэмцэл ч сонин биш. Харин арван хоёр жил парламентад цөөнх байсны дараа анх удаа засгийн эрх авсан Ардчилсан нам, Шинэчлэл амласан Засгийн газар юу хийж, яаж хөдөлж байна вэ гэдэг юу юунаас илүү тод харагдаж байгаа.

Магадгүй Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн арав гаруй жилд парламентын цөөнх байхдаа тухайн үед эрх барьж байсан МАН, МАХН-аас удаа дараа авсан “хориотой цохилт”-ынхоо амтыг өөрт нь буцааж амтлуулахыг хүссэн байж болно. Харин МАН-ын дарга нарын хувьд ч гэсэн өөрсдөө эрх барьж байхдаа мөрдөж байгаагүй хууль дүрмийг Ардчилсан намаас одоо шаардана гэдэг угаасаа үр дүнгүй зүйл.

Гэвч “нийгэмд шударга ёсыг тогтооно, хууль журмыг сахина” гэж сонгогчдын итгэлийг авсан Ардчилсан нам өөрсдөө хэр ардчилалтай, хууль ёсыг сахидаг улс вэ гэдгийг олон нийт хамгийн түрүүнд харж байгаа. Ялангуяа өмнө нь өөрсдөө хамгийн их шүүмжилдэг байсан дарангуйлагч намаас илүү дарангуйлагчийн авир гаргадаг байвал Ардчилсан намын хувьд энэ удаагийн эрх мэдэл сүүлчийнх нь болж ч мэднэ.

Хачирхалтай нь энэ үйл явдлыг хамгийн түрүүнд шүүрч авах ёстой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл Ерөнхий сайдын энэ шийдвэрт үнэлэлт өгсөнгүй. Түрүүн хэлсэнчлэн “Өмнө нь МАН, МАХН эрх барьж байхдаа үүнээс ч олон удаа хууль зөрчиж байсан юм чинь” хэмээн уруулаа хазаад өнгөрсөн байж болох юм. Гэвч өнгөрөгч долоо хоногт Н.Алтанхуягийн Засгийн газраас хэвлэлийнхэнд өөрсдөд нь өгсөн “шанаа” тэднийг ч бас “ичээ”-нээс нь гаргалаа.

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбооны зохицуулах газраас монгол хэл дээр мэдээллээ түгээдэг вэб сайтуудын сэтгэгдлийг хянах, улмаар сэтгэгдлийн нэгдсэн системийг бий болгож, хэрэглэгчид зөвхөн өөрсдийн регистрийн дугаар, гар утас болон И-майл хаяг гэх мэт хувийн бүх мэдээллүүдээ тэнд бүртгүүлсний дараа сайтын мэдээлэл дор сэтгэгдэл үлдээх, шаардлагатай үед тухайн хэрэглэгчийн мэдээлийг хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх эрхийг ХХЗГ эдлэхээр журам гаргаснаа танилцуулжээ. Ингэснээр сайтын сэтгэгдлээр дамжуулан бусдыг гүтгэх, доромжлох, нэр хүндийг нь гутаах явдал үгүй болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм гэнэ.

Монгол Улс иргэнийхээ нэр төр, алдар хүндийг ийм ихээр хүндлэн үздэг, аюулгүй байдалд нь тэгтлээ их санаа тавьдаг болоод ийм зохицуулалт хийв үү гэтэл бас үгүй бололтой. Болж өнгөрсөн түүх гэвэл манай эрхэм төрийн түшээд бөөн цулаараа эхнэр хүүхдээ дагуулан байдгаараа гоёж аваад нэгэн том ёслолын ажиллагаанд очсон юм байх. Далимд нь хааяа нэг учирдаг гэр бүлийнхээ хүнтэй халамжтай нь аргагүй зургаа татуулж аваад хамгийн олон уншигчтай вэб сайт дээр тавьсан ч гэх шиг. Гэтэл нөгөө сайхан гэр бүлийн хөрөгнийх нь дор сэтгэгдэл бичсэн сахилгагүй этгээд баахан нууц амрагийн явдал дэлгэж, гэр бүлийнхэн болоод олон нийтийн өмнө эвгүй байдалд оруулсан юм байж. Үүнээс сайтын сэтгэгдэлтэй дайн зарлах эхний төрөгдөл бий болсон бололтой.

Баар, рестораныг 24.00 цагт хаадаг болсон явдал ч гэсэн үүнтэй адилхан түүхтэй. Манай нэг сайдын эрэгтэй хүүхэд нь шөнө өдөргүй зугаа цэнгэл хөөгөөд, гэртээ орохоо больж, баар ресторан хэсэн архинд донтох шинжтэй болонгуут нь Улаанбаатарт 24 цагаас хойш нэг ч баар ресторан ажиллуулж болохгүй хэмээн журамласан байна. Тэглээ гээд хүүхэд нь архинаас гарч гэртээ тогтдог болсон эсэхийг мэдэхгүй ч энэ үйлчилгээгээр амь зуудаг жижиг бизнес эрхлэгчдийн амьдралд л томоохон торгууль болсон доо. Улаанбаатарын залууст ч бас баараа хаалгаад буудалд ордог, буудлаасаа гараад гудамжинд унадаг бас нэг шинэ “соёл”-ыг нэвтрүүлсэн хэрэг.

Ер нь бол сайтын сэтгэгдэл гэдэг мэдээлэл түгээх хэрэгсэл биш. Харин тухайн үйл явдал, мэдээллийн талаар иргэд, уншигчид өөрийн байр сууриа илэрхийлж, шүүмжлэлээ хэлдэг иргэдийн нээлттэй индэр гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөөр ирсэн билээ. Тэгээд ч жирийн нэг иргэн, Дорж, Дулмааг гүжирдэж гүтгээд, гутааж доромжлод байна гэж юу байх вэ. Харин төр түшиж, эрх ямба эдэлж байгаа эрхмүүд, албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар уншигчид өөрийн сэтгэгдэл, төрөгдлийг бичиж үлдээх нь бий. Тиймээс сайтын сэтгэгдэлтэй зарласан энэ “дайн” тэдний нэр төр, алдар хүндийг ивээн хамгаалах, шүүмжлэлээс хэлтрүүлэхэд зориулжээ гээд ойлгочиход болно.

Уг нь бол хэвлэлийн эрх чөлөө болоод иргэдийн үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг бид Үндсэн хуулиндаа тунхаглачихсан улс. Үзэл бодлоо илэрхийлэх гэдэгт нь ямартай ч өөрийн уншсан мэдээлэл, болсон үйл явдал, өгөгдсөн баримттай холбоотойгоор хувийн байр сууриа илэрхийлэх, шүүмжлэх эрх нь багтсан байх учиртай. Тэр тоолонгоор ХХЗГ-аас сэтгэгдэл бичигчийн хувийн мэдээллийг гаргаж ирээд “Энэ хүн энэ даргын талаар ийм юм бичсэн байна” гэж мөрдөж мөшгөөд, шахаж дарамтлаад байвал яавч биднийг ардчилсан улс гэж нэрлэхгүй нь лав.

Уг нь энэ шийдвэрийг гаргасан Ардчилсан намынхны хувьд саяхан болтол “Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шинэ нийгмийн үнэт зүйлийг бид л Монголд авчирсан юм” хэмээн бахархаж ирсэн гэгээлэг түүхтэй. Гэвч тэдний сөрөг хүчин байхад хамгийн үнэ цэнэтэй зүйл нь байсан энэ эрх чөлөө эрх баригч хүчин болсных нь дараа яршиг төвөг, гай зэтгэр болох юм гэж хэн мэдлээ. Тэгээд ч хүн өөрийгөө хааяа боловч толинд харж байхад юуны буруу байх билээ.

Хачирхалтай нь нь хамгийн их дарангуйлагч гэгдэж байсан МАН, МАХН хүртэл эрх барьж байхдаа иргэдэд үлдсэн энэ жижигхэн эрхийг ингэтлээ үзэн ядаж байсангүй. Бас хамгийн гамшигтай нь ардчилсан үзэлтэй хүмүүс дарангуйлагч шийдвэр гаргахад хэн ч шүүмжилж чаддаггүй гэдэг үнэн аж. Ардчилагчид дарангуйлагчийг шүүмжлэх боловч дарангуйлагчид дарангуйллыг шүүмжилдэггүй. Учир нь өөрийнх нь гар түүнээс илүү гүн дүрэгдсэн байгаа шүү дээ.

Сануулахад цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Эрх мэдэл, албан тушаал гэдэг зуурдын юм. Гудамжиндаа гараад жагсах үе хэнд нь ч ирж болно. Эргээд коммунистууд засгийн эрхэнд гарлаа гэхэд өнөөдөр ардчилагчдын өөрсдийнх нь дэвслээд хаясан энэ эрх чөлөө, үнэт зүйлийг эргүүлж олоход хэцүү л байх болов уу. Өлсгөлөн хүний зөнгөөр эрх мэдэлтэй байгаа дээрээ бүгдийг эргүүлнэ, бүгдийг азаргална гэж бодож байгаа бол аюул нь тэдний дараа гарч ирэх хүмүүст түүнээс ч илүү хүчээр өөрсдийг нь нугалах тэр үүд хаалгыг нээж өгч байгаа гэдгээ санах ёстой.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж