
Видео клип, дуу бичлэг үйлдвэрлэгч “2016” студийн 5 жилийн ой тохиож байна. Тэд ойн босгон дээрээ буюу өнөөдөр 19:00 цагт “UB palace”-ийн “ROYAL” танхимд “HIT Hip Hop” нэртэй шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу тоглолтод “Ice top”, Gavana, “Click click boom”, рэппэр Gee, MG, ”Royal beat crew”, Streetman, DJ Заяа зэрэг хамтлаг дуучид хамгийн хит болсон дуунуудаараа энэхүү үдшийг доргиох нь ээ. Гурван жилийн жилийн өмнө тэд студийнхээ хоёр жилийн ойг “UB Palace”-т нижгэр тэмдэглэж байсныг санаж байна. “2016” студи 2006 оноос эхлэн Монголын рок, поп урлагийнхантай ажиллан “Дөрвөн зүг”, “Flash”, “Click click Boom” зэрэг хамтлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж, уран бүтээлчдийн 60 гаруй клипийг амьдруулжээ.
“2016” студийн төрсөн өдөрт тэдэнтэй байнгын хамтарч ажилладаг “V6 club” “UB palace”-н өмнөх задгай талбайд төмөр хүлгийн гайхамшгийг үзүүлэх аж. Энэхүү үзүүүлбэр нь тоглолт эхлэхээс өмнө буюу 18:00 цагт эхлэх ба тэнд ирсэн хэн бүхэн автомашины “drift” үзүүлбэрийг сонирхох боломжтой юм байна. Мөн та эхний 1000 үзэгчид багтаж чадвал цомог бэлгэнд авах юм байна шүү.
Г.Даша