Н.Энхбаярын төлөө долоон ээж өлсгөлөн зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын төлөө долоон ээж өлсгөлөн зарлаж байна

МАХН-ын байранд өлсгөлөн зарласан эмэгтэйчүүдийн тоо өнөөдөр долоо болон нэмэгджээ. Эхэлж өлсгөлөн зарласан таван эмэгтэйн хувьд өлсгөлөн зарлах боломжгүй, суурь өвчтэй гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан ч тэд зорилгоосоо буцахгүй гэсээр өлсч эхэлжээ. Тэдэнтэй хоёр ээж нэгдээд байгаа аж. Харин өлсгөлөн зарлахаар бүртгүүлсэн эхчүүдийн тоо 216-д хүрсэн гэдгийг МАХН-ынхан үгүйсгэсэнгүй. Өлсгөлөн зарлагсад одоогоор МАХН-ын байранд байрлаж байгаа бөгөөд цаашдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат нарын гэрийн гадна болон  Төрийн ордон, Улсын болон Нийслэлийн прокурорын газар, ШШГЕГ,  Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн гадна, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зэрэг газарт  хуваагдан өлсөхөөр зэхэж эхэлжээ.

О.Баасанхүү: “Миний ээж хүртэл өлсөнө гээд байгаа”

“Н.Энхбаярыг суллуулахаар өлсөж байгаа эхчүүд ар гэрийнхнээс нь багагүй хэмжээний мөнгө авсан”  гэсэн мэдээллийг ор үндэсгүй гэж МАХН-ынхан үгүйсгэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй товч ярилцсанаа хүргэе.

-Өлсгөлөн зарлахаар бүртгүүлсэн эхчүүдийн тоо 200 гаруй болсон гэлээ. Эхчүүдийн дунд суурь өвчтэй өлсгөлөнд оролцох боломжгүй хүмүүс цөөнгүй байгаа. Тэдний эрүүл мэндийг хэн хариуцах вэ?

-Энэ бол хамгийн сэтгэл зовоосон асуудал болоод байна. Намын зүгээс өлсгөлөн зарлахгүй байхыг олонтаа ятгасан. Гэвч эхчүүд өөрсдийнхөө байр суурийг хамгаалсаар байгаа. Ер нь бол өлсгөлөн зарлана, амиараа дэнчин тавина гэдэг тэмцлийн эцсийн арга биш. Хүн амьд, эрүүл саруул байж хууль дүрмээ яриад тэмцэх ёстой. Эхчүүдийн шаардлага хүсэлтийг үл тоон  өлсгөлөн зарлах хэмжээнд хүргэсэн хүмүүс эрүүл мэндийг нь алдагдуулсан хариуцлагыг давхар хүлээх учиртай. Х.Тэмүүжин сайд, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн аль аль нь ичих  хэрэгтэй шүү дээ.

-Юунаас ичих гэж?

-Хууль зүйн сайд хүн байж твиттэрт элдэв зүйл бичээд сууж байхын оронд хууль дүрмээ харж суусан нь дээр баймаар. Ер нь бол бид ганц Н.Энхбаяр даргын эрх ашгийн төлөө энэ бүхнийг хийж буй хэрэг биш. Олон улсын гэрээ, Үндсэн хууль болоод Шүүхийн шийдвэр биелүүлэх  хуулийн 128-ын дөрөвт  “…жирэмсэн болон хүнд өвчтэй ялтныг эмчийн дүгнэлтийг харгалзан байрлуулах байрыг нь өөрчилнө” гэж заасан байдаг. Н.Энхбаяр даргын хувьд нарийн мэргэжлийн эмч нарын дэргэд байлгахаас аргагүй хүн. Эрүүл мэндийн сайд ч энэ талаарх албан бичгээ Хууль зүйн сайдад оны өмнө өгсөн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Хууль зүйн яаман дээр хэлэлцүүлэг хийж “Хүнд болон  онц хүнд хэрэгт яллагдаж буй хоригдлын нөхцөлийг өөрчлөх журам” гаргахаар шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл таг чиг. Эрүүл мэндийн сайдын албан бичигт ч хариу өгөхгүй байгаа. Тиймээс л эхчүүд Н.Энхбаяр гэдэг хүний эрүүл мэндийг нь хамгаалаач, амьд явах эрхийг нь эдлүүлээч гэдэг үүднээс өлсгөлөн зарлаж байгаа юм шүү дээ.

-Өлсгөлөнд оролцож буй эхчүүд мөнгө авсан юм биш үү?

-Үнэхээр тийм зүйл байхгүй. Та тэр хүмүүстэй уулзсан бол үүнийг ойлгоно. Өнөө өглөө тэднийг эргэж очиход хүүхдүүд нь ирсэн байсан. Тэдний дотор бага насны хүүхдүүд ч байна. Зургаан настай хүү ээжээсээ салахгүй тантай хамт жаахан байя л даа гээд уйлж байгааг хараад би ч уйлах шахлаа. Нулимс мөнгөний төлөө урсдаггүй юм. Тэгж хардаж сэрдээд, бичээд байгаа хүмүүс л мөнгөний төлөө өлсөхөөс ч буцахгүй болж таарна. Манай ээж хүртэл би тэр өлсгөлөнд чинь оролцъё гээд байгаа.

-Та тэгээд ээжийгээ өлсөхийг зөвшөөрөх үү?

-Ээжийгээ битгий хэл одоо өлсгөлөн зарласан эхчүүдийг ч зөвшөөрөхгүй байгаа гэдгээ би хэлсэн биз дээ. Миний эхнэр саяхан амаржсан. Эхчүүдийн өлсгөлөн зарлалтыг эхнэр маань нялх үрээ орхиод өлсгөлөнд оролцож байгаатай адилаар хүлээн авч байгаа. Өлсгөлөн бол зөв гарц биш. Тиймээс энэ өлсгөлөнг зогсоож, эхчүүдийн шаардлагыг хүлээн авах талаар холбогдох хүмүүс санаачилга гаргана гэж итгэж байна гэлээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж