
Олимпийн өмнөх жилийг гайхалтай амжилтаар эхлүүлж, “Дэлхийн цом”, “Гран-при” гээд Европын цуврал тэмцээнүүдээс хос алтан медаль хүртсэн ОУХМ П.Лхамдэгд Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд зодоглосон. Тэрбээр С хэсэгт сугалаа таарч, эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Туркменистаны жүдоч Насиба Суркиеваг цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Хагас шигшээд П.Лхамдэгд Казахстаны Галия Улментаеваг хоёр вазаригаар ялж, харин аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Жён Гён-Миг юүко үнэлгээгээр буулган авчээ. 2007 оны Азийн аваргаас мөнгө, 2008 онд хүрэл медаль зүүж байсан П.Лхамдэгд ийнхүү тивийнхээ аваргаар тодорлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, харин эмэгтэйчүүдийн 70, -78 болон +78 кг-ын жингийн барилдаан болж, П.Лхамдэгдээс гадна Г.Түвшинжаргал /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Н.Батсуурь /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/ болон Д.Цэрэнханд /+78 кг/ Абу Дабигийн татамид хүч үзсэн. Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, Хятадын жүдоч Юань Жинлинг цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Харин хагас шигшээд тэрбээр БНСУ-ын Хван Хи-Тэд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Казахстаны бөхийг вазари үнэлгээгээр ялж, шагналын тавцанд гарсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан Ц.Наранжаргал болон +78 кг-д хүч үзсэн Д.Цэрэнханд нар хагас шигшээд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдаж, ялснаар медалийн эзэд болсон бол эрэгтэйчүүдийн +100 кг-д Н.Батсуурь хэсгийн аваргын төлөө Узбекистаны бөхөд дийлдсэн ч Тажикистан, Казахстаны бөхчүүдийг ялж, хүрэл медалийн тавцанд гарчээ. Түүнчлэн Г.Түвшинжаргал 81 кг-д Сирийн бөхийг ялж, Узбекистаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 90 кг-ын жинд Э.Энхбат Катарын бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Казахстаны Тимур Болатад цэвэр ялагдсанаар дагах барилдаанд зодогложээ. Харамсалтай нь, дагах барилдаанд Хятадын бөх Жен Зижаод хоёр юүкогоор ялагдаж, медалийн төлөө барилдах боломжгүй болсон байна.
Харин Азийн аваргын эхний өдөр Монголын цагаан өмсгөлтнүүд гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ Д.Төмөрхүлэг С хэсэгт сугалаа таарч, хэсгийн барилдаанд Пакистан, Ираны бөхчүүдийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Йемений бөх Али Хусрофыг юүко үнэлгээгээр ялсан юм. Улмаар Укбекистаны жүдоч Габит Есимбетовыг цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Харамсалтай нь, шийдвэрлэх барилдаанд манай бөх БНСУ-ын бөх Чой Гван-Хёнд вазари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна.
Харин 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хэсгийн эхний хоёр барилдааныг өнжиж, улмаар Хятадын бөх Ма Дуанбинг цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Дараагийн барилдаанд Х.Цагаанбаатар Узбекистаны Мирзахид Фармоновыг юүко үнэлгээрээр ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон байна. Харин алтан медалийн төлөөх барилдаанд 2010 оны дэлхийн аварга, Японы бөх Жунпей Моришитад ялагдсанаар мөнгөн медаль дээр буужээ.
Шинэхэн гавьяат М.Бундмаагийн тухайд Макао болон Энэтхэгийн жүдочдыг цэвэр ялж, хэсгийн аварга болсон. Дараагийн барилдаандаа тэрбээр БНАСАУ-ын Жо Сунхуйг юүкогоор ялсан ч аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Японы бөх Юүка Нишидад ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг ялснаар хэсгийн аварга болжээ. Дараагийн барилдаанд тэрбээр Хятадын Сью Лилид ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болж, Киргизстаны Елена Проскураковаг ялснаар медалийн тавцанд гарсан байна. Мөн энэ өдөр Абу Дабигийн татамид зодоглосон манай бусад жүдочдын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа дагах барилдаанд ялсан ч медалийн төлөөх барилдаанд ялагджээ. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр дагах барилдаанд Ираны Али Маломатад дийлдсэн байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн жүдочид:
Алт:
П.Лхамдэгд /эмэгтэй, -78 кг/
Мөнгө:
Д.Төмөрхүлэг /эрэгтэй, 60 кг/
Х.Цагаанбаатар /эрэгтэй, 66 кг/
М.Бундмаа /эмэгтэй, 52 кг/
Хүрэл:
Н.Түвшинбаяр /эрэгтэй, -100 кг/
Ц.Наранжаргал /эмэгтэй, 70 кг/
Н.Батсуурь /эрэгтэй, +100 кг/
Д.Цэрэнханд /эмэгтэй, +78 кг/
С.Цэлмэг