Шаардлагатай арга хэмжээг авч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.12-нд нийтлэгдсэн

Шаардлагатай арга хэмжээг авч байна

Баянхонгор аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн байдлын талаар Хүнс, Хөдөө аж ахуй, Жижиг дунд үйлдвэрийн газрын Э.Ганзоригоос тодрууллаа.

-Энэ онд Баянхонгор аймагт хэчнээн тооны мал өвөлжиж, хаваржиж байна вэ?

-Жилийн эцсийн мал тооллогоор манай аймагт 2.6 сая мал тоологдсон. Тэдгээрийн талаас илүү нь ямаа тоологдсон бөгөөд урьд оноос мал сүрэг таван төрөл дээрээ өссөн дүн гарсан. Энэ жил мал сүргийн 93 хувь нь аймаг орон нутагтаа, өөр аймаг суманд 53 өрхийн 30 гаруй мянган мал өвөлжиж байна.

Мөн бусад аймаг сумаас манай аймгийн нутагт өвөлжих, отор нүүдэл хийх талаар ямар нэгэн хэлцэл хийгээгүй боловч одоогийн байдлаар Жаргалант сумын нутагт Завхан аймгийн Их -Уул сумаас 13 гаруй айл өрхийн 10 мянган үхэр, адуу Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас нэг өрхийн 620 мал орж ирээд байгаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр Өвөрхангай аймгаас мөн цөөнгүй өрх орж ирнэ гэсэн чигтэй байна.

-Сумдад өвөлжилт ямар байгаа талаар тодруулахгүй юу?

-Нийт нутгаар хүйтэн жиндүү байгаа. Шөнөдөө 25-30, өдөртөө 15-20 хэм байгаагаас хот бууц хөлдөх, өсвөр болон хээлтүүлэгч мал осгож бээрэх эрсдэлтэй байгаагийн дээр цас ихтэй нутгуудад бэлчээрийн өвс цасанд дарагдаж, мал бэлчээрлэхэд хүндрэл гарч байна. Цаг уурын сүүлийн үеийн мэдээгээр Эрдэнэцогт, Шаргалжуут, Богд, Баян-Овоо, Жинст, Галуут, Хүрээмарал, Гурванбулаг. Өлзийтийн зарим нутгаар 25-30 см цастай. Баянбулаг. Бууцагаан, Жаргалант. Заг сумын нутгаар 15-20 см цастай байна.

-Өвөлжилтийн хүндрэлийг давах ямар ажлууд хийж байгаа вэ?

-МАА-н өвөлжилт хүндэрч байгаа талаар Эрдэнэцогт, Богд, Баянхонгор, Галуут, Хүрээмарал сум албан ёсоор хүсэлтээ ирүүлж, шаардагдах арга хэмжээг аймаг сумын түвшинд авч байна. Эрдэнэцогт сумаас ирсэн хүсэлт болон аймгийн Онцгой комиссын шийдвэрлэснээр комиссын хурлыг Эрдэнэцогт суманд очиж хуралдан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан.

Саяхан Улсын онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад аймаг орны зүгээс шаардлагатай асуудлыг тавьсан байгаа. Мал аж ахуйн өвөлжилт хаваржилтын шуурхай төлөвлөгөө гарган аймгийн Засаг даргаар батлуулж, Онцгой комиссын төлөвлөгөөг тодотгосон. Өвөлжилт хүндэрсэн нутгаас айл өрхүүдийг сум дотроо, сум хооронд нүүлгэн шилжүүлэх, зам даваа чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байна.

Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга хоёр чиглэлд бүх сумаар орж малчид иргэдтэй уулзсан. Манай газрын мэргэжилтнүүд аравдугаар сараас хойш 3-4 удаа хөдөө сумдад ажилласан. Сумдын МЭҮ-ийн тасаг нэгжийн мэргэжилтнүүд малчин өрхөөр явж, мал өвөлжилт цаг үеийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгч малчдад тусалж байна.

-Хөдөөгүүр явахад малчдын амьдрал, сэтгэл санаа ямархуу байна?

-Малчид хээлтүүлэгч болон зарим өсвөр малыг боломж бололцоогоороо нэмэгдэл тэжээлд оруулж, илүү гэр, пүнз, хайс хашлага ашиглан дулаан байр сав бэлтгэсэн байна. Мөн бэлчээрийн цас арилгах, өвөлжөө бууцаа хөлдөлтөөс хамгаалах, бууц нөөцлөх зэрэг арга хэмжээг сайн авсан байсан. Төв орон нутгийн төр Засгийн байгууллагуудаас өгсөн чиглэлийн дагуу тарга хүч муутай, хөгшин малаа заазлах, мах бэлтгэх талаар малчдад чиглэл өгч ажилласан. Сүүлийн мэдээгээр Галуут, Өлзийт, Эрдэнэцогт зэрэг суманд таван мянга орчим бог мал 100 гаруй үхэр нядалж зах зээлд гаргасан байна.

Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Жаргалант, Галуут, Баян-Овоо суманд адуугаа алсын оторт зохион байгуулалттайгаар гаргасан. Эрдэнэцогт, Өлзийт зэрэг сум багийн төвд өвс тэжээл татан байршуулсан, зарим суманд онд орохооргүй малаа заазалж, өвөлжих малын тоог цөөлсөн зэрэг нь бусад сум, малчдад үлгэр болохуйц үйл ажиллагаа юм.

-Аймаг, сумын өвс тэжээлийн нөөц хэр байгаа бол? Үнэ өртөг нь ямар байгаа вэ?

-Өвөлжилт хүндэрч байгаа сумдын өвс тэжээлийн нөөц үндсэндээ дуусч аймгийн нөөцөөс Эрдэнэцогт, Галуут, Өлзийт, Баян-Овоо зэрэг сумдад 100 тонн өвс, 50 тонн тэжээл улсын нөөцийн цэг салбаруудаас 500 тонн өвс, 300 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгоод байна. Зах зээлд ч өвс тэжээл зарагдаж байна. Сумын нөөцийн өвс тэжээлийг багийн төвүүдэд татаж малчдын захиалгаар зарж борлуулах ажил хийж байгаа. Өвөлжилт хүндэрч байгаа Эрдэнэцогт, Галуут, Баян-Овоо, Өлзийт зэрэг сумын нөөцийн өвс тэжээлийн үлдэгдэл ерөнхийдөө багассан. Үлдсэн 2-10 тонн нөөцийг малчин өрхүүдэд тарааж байна.

Мөн аймгийн нөөцөд байгаа өвсийг зарим сумуудад хуваарилсан. Түүний зэрэгцээ улсын нөөцийн цэг салбараас 50 хувийн хямдралтай үнээр өвс тэжээл борлуулж Баянхонгор, Баянговийн салбарынх дууссан. Бууцагаан, Заг сумын цэгүүдээс борлуулалт хийж байна. Нэг боодол өвсний үнэ 2000-2500 төгрөг, хорголжин тэжээл 5600-11200 төгрөгийн үнэтэй. Аймаг суманд малын эм тарианы зохих нөөц байгаа.

-Цаашид хэрхэн ажиллах вэ?

-МАА-н өвөлжилт хаваржилтын шуурхай төлөвлөгөө гаргаж аймгийн Засаг даргаар батлуулсан. Онцгой байдлын хэлтэс, Улсын нөөц, Ус цаг уурын орчны шинжилгээний алба зэрэг байгууллага, сумуудтай байнга холбоотой ажиллаж байна.

Б.БАТГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж