
-Энэ хичээлийн жилийн Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтууд явагдаж байна. Шалгалтын явц одоогоор ямар байгаа вэ?
-Ерөнхийдөө энэ хичээлийн жилд Чех, Энэтхэг, Хятад, Польш, Украин, Румын, Хорват, Болгар улсад суралцагчдыг шалгаруулсан. Яг одоогоор БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах оронд тэтгэлгээр суралцах оюутнуудыг бүртгэх ажил дуусч байна. Энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Элчин сайдын яам шалгалт авна. Харин өнөөдрөөс ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт 300 оюутан элсүүлэх шалгалтын бүртгэл зарлаж байгаа. Япон, Өмнөд Солонгос, Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яам нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг манай яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг.
-Шалгалтын комиссыг хаанаас яаж бүрдүүлдэг вэ?
-Шалгаруулалтыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс ярилцлага авах, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгалтын агуулга нь бакалаврын төвшинд шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт, хэлний ур чадварт үнэлгээ өгнө. Харин магистр, докторын төвшинд мэргэжлийн ерөнхий мэдлэгээс гадна судалгааны ажил, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгдөг. Шалгуулагчийн оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна.
-Энэ хичээлийн жилд хичнээн оюутан тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаад орнуудад суралцах вэ?
-2010-2011 оны хичээлийн жилд ОХУ-д 232, БНХАУ-д 253 /үүнээс 180 нь ӨМӨЗО-д/, Японд 65, Туркт 64, Энэтхэгт 30, Польшид 19, Вьетнамд 18, Өмнөд Солонгост 17, Чехэд 11, Лаост найм, Унгарт тав, Казакстанд дөрөв, Украинд гурав, Болгар, Кубад тус бүр хоёр хүнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу сургалтад хамруулахаар шалгаруулсан. Нийт 733 хүний 541 нь бакалавр, 192 нь магистр, докторын төвшинд суралцах юм.
-Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт өгөхийн тулд оюутан ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой вэ?
-БСШУ-ы сайдын баталсан журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг байх, сурлагын голч оноо 3.0 ба түүнээс дээш байгаа тохиолдолд өөрийн эзэмшиж буй мэргэжлээр тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтад хамрагдах эрхтэй. Гэхдээ сургуульд бүрд тодорхой квот гаргаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн сургуулиудын суралцагчдын тоонд харьцуулан гаргасан. Тухайлбал, эдийн засгийн чиглэлээр Хүмүүнлэгийн их сургуулиас гурван хүүхэд бүртгэнэ гэх мэтээр бүртгэл бүрд тодорхой хязгаар тогтоосон.
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхээ авлаа гэхэд сургалтын төлбөрөөс гадна өөр хөнгөлөлт урамшуулал эдлэх үү?
-Суралцуулах тухай эцсийн шийдвэр хүлээн авсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцахаас гадна тухайн улсын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг авах эрхтэй.
-ОХУ болон бусад оронд хэлний бэлтгэлд суралцаж байгаа оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болох уу?
-Болно. ОХУ болон бусад оронд хэлний бэлтгэлд суралцаж байгаа, төгссөн оюутнууд, мөн орос хэлний гүнзгийрүүлсэн Улсын тэргүүний нэгдүгээр сургууль, Плехановын нэрэмжит гуравдугаар сургуулийг төгсөгчид бакалаврын шатны мэргэжил эзэмшихээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахдаа тухайн орнуудаас тодорхой нэмэлт шалгуур нөхцөлийг шалгалтын явцад авдаг. Тухайн сургуулийнх нь хүсэлтээр.
Д.ДОЛГОР