Аяга бантангаас хямдхан боловсрол

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Аяга бантангаас хямдхан боловсрол

Бяцхан багачуудын дуу сурч, шүлэг цээжлэнгээ аяга бантан, тэр хэмжээний тараг уух мөнгөөр дээд боловсрол эзэмшихэд үнэтэй байна гэнэ, Монголд.
Дээд боловсрол эзэмшихийн тулд төлж буй сургалтын төлбөрийг нэмлээ хэмээн оюутан сурагчид байнга гомдоллож, салбарын сайдын чихнээс улиг болтол “хонх уядаг”. Дээд боловсрол эзэмшиж, цаашид чадвартай мэргэжилтэн болох мэдлэг худалдан авахад өнөөгийн Монгол Улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр их байна гэж үү.
Эхэнд харьцуулсанчлан энэ төлбөрийг хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөртэй харьцуулахад үнэ­хээр ичмээр юм. Хувийн цэцэр­лэгүүдийн хувьд сарын төлбөр нь 50 ам.доллараас эхлээд 200, бүр 300 доллар ч хүрдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, “Касабланка” сард 140 мянган төгрөг, “Галакси” сард 80 ам.доллар, “Маамуу нааш ир” сард 100 ам.доллар, “Орчлон” хувийн цэцэрлэг сард 200 ам.долларын төлбөртэй. Харин эцэг, эхчүүд үнэ хайрлахгүйгээр хүүхдээ эдгээр цэцэрлэгт хүмүүжүүлж  байна.  Yүнийг арван сараар үржүүлвэл их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөөс хол давах нь. Зуны гурван сарыг тооцохгүй гэж үзвэл жилийн есөн сард “Маамуу нааш ир” цэцэрлэгийн жишгээр тооцоход нийт 900 ам.долларыг цэцэрлэгт зарцуулна гэсэн үг. Их, дээд сургуулийн дундаж төлбөрөөс хавьгүй илүү биш гэж үү.
Сургуулийн өмнөх боловсрол, цаашлаад ерөнхий боловсрол олгож буй цогцолбор сургуулиудын сургалтын төлбөр дээд боловсролоос үнэтэйд тооцогдож байгааг энэ мэт олон жишээнээс харж болно. Хамгийн чухал нь үнэ төлбөрөө дагаад сургалтын чанарын асуудал яригдана. Эдгээр хувийн цэцэрлэгийн нэг багшид 2-3 хүүхэд ногдохоос гадна долоо хоног тутамд ямар сэдвээр хичнээн хэмжээний мэдлэг олгосон талаараа эцэг, эхчүүдэд байнга мэдээлдэг гэнэ. Тухайн хүүхдэд эзэмшвэл зохих бүхий л мэдлэгийг олгох хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өгсөн төлбөрийнхөө хэмжээгээр олгосон мэдлэгтээ хариуцлага хүлээдэг зарчим. Энэхүү жишгийг дээд боловсролын салбарт зоригтойхон нэвтрүүлэх цаг болчихсон гэдгийг энэ жишээ харуулаад байна.
Нөгөө талаас төлбөрийг нэмүү­лэх­гүй тал дээр салбараас анхаарч, төрийн болон хувийн их, дээд сур­гуулийн удирдлагуудад үүрэг өгч, тэр хэмжээгээр хоорондын үйл ойл­­­гол­­­­цол үүсдэг. Учир нь, тухайн сургуулиуд нь сургалтын төлбөр нэмэхгүйгээр материаллаг байдлаа сайж­­руулах, боловсролын чанараа ахиулах боломж бүрдэхгүй байна гэж тайлбар өгч байсан удаатай. Үнэний хувьтай гэдгийг амьдрал хэлээд байна.
Төрийн болон хувийн 150 гаруй их, дээд сургуульд 160 мянган оюутан суралцаж, нэг жилд төгсч буй 30 гаруй мянган оюутны дийлэнх нь ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг нь үүний баталгаа. Сургалтын төлбөр нэмэх боломж хаагдангуут их, дээд сургуулийн удирдлагууд оюутныхаа тоог нэмэгдүүлэх аргыг сүвэгчилдэг. Ингэснээр нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ногдож, 2-3 ээлжээр хичээллэнэ. Тэр хэмжээгээр багшийн ажлын ачаалал, сурагчдын идэвх суларч “мэдлэггүй мэргэжилтэн”-гүүд төрөн гарсаар. Мөн бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх боломжгүй. Тийм учраас тэгсхийсээр яваад нэг диплом өвөртөлчихөд нэг их гарзгүй. Үнэгүй юм гэдэг үнэгүй л юмсанж. Харин  сургалтын өндөр төлбөр төлчихсөн нөхцөлд түүнийхээ араас нэхэл дагал болж, юу болж байна, сургуулиуд юу зааж байна, манай хүүхэд юм сурч байна уу гээд чанарт илүү анхаарал хандуулах нь мэдээж. Тиймээс сургалтын төлбөрийн асуудлаар тайлбар тавиад байгаа эрхэм их, дээд сургуулийн захирлуудад ямар үндэслэлээр хэдэн хувь нэмэх, эргээд боловсролын чанарт гарах өөрчлөлтүүдийг хянах гэх зэргээр “дээд боловсролтой ажил­гүйчүүд”-ийн эгнээг хумих, нөгөө талаар боловсролыг чанаржуулах тал дээр эерэг нөлөөлж болох юм.  
Үнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй сургалт чанаргүй. Чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт болж хувирчихаад байна.
Эцэг эхчүүд ч дээд боловсролтой болгох гэхээсээ илүүтэй хэрэгт орж, дэмии тэнүүлэхгүй гэсэндээ хүүхдээ сургуульд оруулдаг гаж сэтгэлгээний халдвараар өвчилсөн гэсэн оноштой болж хувирлаа. Бизнес учраас л аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөх нь тэдэнд ашигтай. Өөрөөр хэлбэл, төрийн болон хувийн их, дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон, түүнээсээ гарах, хөгжих дэвших, чадваржих, чанаржих арга замыг төрөөс бодлогоор хаасан гэж хэлж болох юм. Дээр боловсрол үнэгүйдсэн хамгийн том жишээ бол сургуулийн өмнөх боловсролын хувийн цэцэрлэгийн сарын төлбөр. Энэ нь боловсролын салбарт алдаатай бодлого, шинэлэг байдалд хувирч үүргээ гүйцэтгэх чадваргүй болгож буй эмгэнэлт дүр зураг.
Ер нь дэлхийд алдартай их сургуулиудын төлбөр өндөр бай­­на гэж ярихыг сонссон уу. Зар­­­цуулсан мөнгөөрөө бус тус сур­гуулийг дүүргэж чадсанаа дэлхийн хаана ч гайхуулдаг. Тиймээс ч эдгээр сургууль оюутныхаа тоогоор бус сургалтынхаа чанараар өрсөлддөг байх юм. Харин манайд бүх юм эсрэгээрээ. Чанар бус тооны, мэдлэг бус төлбөрийн хойноос хөөцөлдөж байна. Амьдралынхаа баталгааг олж авахаар дээд боловсрол эзэмших бус дипломны гол болохоор тийш зүглэдэг болчихож.
Төлбөрөө нэмэг л дээ. Харин тэр хэмжээнд нь таарсан стандарт, шаардлага, хариуцлагыг хариуд нь нэхэцгээе. Цэцэрлэгийн хоолны мөнгөнөөс бага боловсрол гэж юу байх юм бэ, бодоод үз дээ.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж