Хорих ангиуд сэтгэл зүйчтэй болсон гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хорих ангиуд сэтгэл зүйчтэй болсон гэв

Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны сэтгэлзүйчдийн үйл ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашид сэтгэл зүйн үйлчилгээг хорих ангийн тогтолцоонд хэрхэн хөгжүүлэх зэрэг асуудлаар 18 хорих ангийн сэтгэл зүйчид өчигдөр зөвлөлдлөө. Энэ талаар ШШГЕГ-ын Ялтны сургалт хүмүүжлийн дарга Ц.Очгэрэлээс тодруулсан юм.

-Хорих ангиуд хэзээнээс сэтгэл зүйчтэй болсон бэ?
-Өнгөрсөн онд туршилтын журмаар нэг хорих ангид сэтгэл зүйчийн орон тоо шинээр бий болгосон. Энэ ажил маань энэ онд өргөжөөд 18 хорих ангид тус бүр нэг сэтгэл зүйч ажиллаж байна. Сэтгэл зүйчийн орон тоо нэгэнт бий болсон учир цаашид хэрхэн ажиллах талаараа зөвлөлдөж байна. Сэтгэл зүйчийн мэргэжлийн зааврыг өнгөрөгч арваннэгдүгээр сард баталсан.
-Нэг хорих ангид нэг сэтгэл зүйч байна гэдэг хангалтгүй санагдаж байна?
-Тийм ээ. Хангалтгүй. Бид эхний ээлжинд сэтгэл зүйчийн орон тоогүй зургаан хорих ангийг сэтгэл зүйчтэй болгоно. Үүний дараа 250-аас дээш ялтантай хорих ангидаа хоёр сэтгэл зүйчийн орон тоо бий болгох чиглэлээр ажиллана.
-Хорих ангийн сэтгэл зүйчийн ажил онцлогтой байх нь гарцаагүй. Харин тэднийг ажиллах нөхцлөөр хангах тал дээр ямар байна?
-Хорих ял эдэлж буй хүний сэтгэл зүй энгийн хүмүүсээс огт өөр. Тэдэнтэй ажиллана гэдэг амаргүй. Тиймээс ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна. Гэхдээ мэргэжлийн түвшний үйлчилгээний өрөө 2-3 сая, сургалтын танхим 4-5 сая төгрөгөөр босно шүү дээ. Мөн сэтгэл зүйчийн онолын ном, гарын авлага хэвлүүлэх гээд ажил их байна.
-Ганц худаг дахь урьдчилсан саатуулах төв хэзээ шинэ байрандаа нүүж орох вэ?
-Барилгын ажил ерөнхийдөө дууссан. Камер, цахилгаан зэрэг ажлууд хараахан дуусаагүй байна. Ганц худаг дахь Урьдчилсан саатуулах байр 700 гаруй хүний багтаамжтай, харин шинэ байр 1200 хүний багтаамжтай байхаар зураг төсөл хийгдсэн. Ирэх тавдугаар сараас нүүлгэн шилжүүлэх болов уу. Тухайн үед нь энэ талаар албан ёсоор мэдээлнэ.
-Хорих ангийн сэтгэл зүйчдийн  сургалтаар сэтгэл зүйчдэд ямар мэдлэг өгч байна вэ?
-Сургалтаар хорих байгууллагын нийгэм, сэтгэлзүйн ажлыг эрчимжүүлэх тухай, Сэтгэл зүйн зөвлөгөө, түүний онцлог хэлбэр, Сэтгэлзүйн үйлчилгээний арга зүй, Хорих байгууллага дахь сэтгэл зүйн сургалт, хүмүүжлийн ажлыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр холбогдох мэргэжлийн хүмүүс хичээл зааж байна. Сургалт маргааш/өнөөдөр/ өндөрлөнө.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж