Гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

Гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэнэ

УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан саатах тохиолдол нэг бус удаа гардаг. Үе үеийн УИХ-ын хамгийн эдгэршгүй өвчин бол ирц гүйцээх. Сонгогчдоос саналыг нь гуйж гарч ирчихээд сэнтийг нь хоосон үлдээн “сэлгүүцдэг” гишүүдийг ажилтай нь “уях” талаар хэсэг гишүүн хуулийн төсөл санаачлан өнөөдөр УИХ-ын даргад өргөн барив.

Байхгүй нэгнийхээ товчлуурыг дарж өмнөөс нь өөрийнхөө тааллаар санал өгдөг муу зуршил ч үүгээр арилах юм. Тал тал тийш гараа алдалж, бүр урагш хойш гэдийж тонгойн эзгүй гишүүний товчлуур дардаг  энэ муу зуршлыг сэтгүүлчид “төгөлдөр хуурдах” гэж нэрлэдэг.

Ямар хүнд мал шиг им тамга тавилтай нь биш, хүзүүнд нь чип суулгалтай биш, тиймээс гишүүдийг хурууны хээгээр нь ирцийг бүртгэх, санал өгүүлэх талаар өргөн барииад буй хуулийн төсөлд тусгаад байна.

Эрхэм гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Энх-Амгалан нарын өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглана” гэсэн нэмэлт оруулж байгаа юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж