
Японы Төв банк газар хөдлөлт, цунамийн гамшгаас хойш санхүүгийн зах зээлийн бэлэн мөнгөний хөрвөх чадварыг хэвэнд нь барихаар хичээж байгаа ч гамшгаас үүдэлтэй сүйрэл эдийн засагт дарамт учруулж, доройтуулж болзошгүйг анхааруулж эхэллээ. Төв банкны үзэж буйгаар үйлдвэрлэлийн алдагдал, нийлүүлэлтийн зогсонги байдал эдийн засагт дарамт учруулж байгаа аж. Төв банк хүүгээ 0.1 хувьд барих бодлогоо өөрчлөөгүй хэвээр байгаа юм. Төв банк нь ирэх жил нэг их наяд иенийн зээл олгохоор төлөвлөжээ. Газар хөдлөлтөд өртсөн бүс нутаг дахь санхүүгийн институтад Төв банк 0.1 хувийн зээл олгохоо мэдэгдсэн юм. Одоогийн нөхцөл байдлыг дүгнэхэд Японы Төв банк мөнгөний бодлогоо өөрчлөхгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Төв банк ирэх санхүүгийн жилийн эдийн засгийн урьдчилсан таамгийг ирэх сард гаргах ажээ.