
Өнөөдөр манай улсад нүүрсний олборлолт болон экспортын хэмжээ жилээс жилд, сараас сард өсөн нэмэгдэж тэр хэрээр бодит эдийн засагт зонхилох нөлөөг үзүүлэх болсон нь гадаадын хөрөнгөтнүүдийг даллах даллуур нь болжээ.
Нүүрс Монголын ирээдүйн хөгжлийн хөшүүрэг, Монгол дэлхийн эрчим хүчний шинэ эх үүсвэр хэмээн багагүй ярьж, цөөнгүй зөвлөлдсөн. Гэсэн хэдий ч нүүрсний нөөц баялаг, чанар, ордын судалгаа олон улсын стандартын төвшинд нарийн тодорхойлогдоогүйн зэрэгцээ олборлосон нүүрсийг зах зээлд хүргэх арга зам тодорхой бус байгааг гадаадынхан монголчуудад анхааруулахаар ийн зөвлөлдөж буй аж. Энэхүү анхааруулгын цаана тэдний гэх эрх ашиг нуугдаж байгаа ч эдгээр тодорхой бус асуудлуудыг илүү нарийвчлах, хөрөнгө оруулагчдад бодит мэдээллийг хүргэх, Монгол нүүрсийг олон улсын төвшинд хүргэх арга замын талаар санал солилцох нь монголчуудын үүрэг байх биз.
“Далайх нь сүртэй ч буулт зөөлөн” бусад зөвлөлгөөнүүдийг бодоход зар сурталчилгаа, дуулиан багатай энэхүү хурлын гол санаа нь Монгол нүүрсээ олборлож, экспортлож болно, харин дэд бүтэц байна уу гэдэгт чиглэгдэж байсан юм.
Мэдээж, зөвлөлгөөн Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн боломж байгаа эсэх, нүүрсний орд газруудад төсөл хэрэгжүүлж, мөнгө хаясан тохиолдолд ямархуу эрсдэлтэй байх, нүүрсээ экспортлох, мөнгө болгох дэд бүтцийн асуудал ямар байгаа мөн Монгол-Хятадын хангалт, нүүрсний олборлолт, боловсруулалт, борлуулалт, чанар, ангиллын тухай ерөнхий сэдвүүдээр өрнөсөн.
Зөвлөлгөөнд гадаадын 170 гаруй компанийн төлөөлөгчид, Монголд суугаа АНУ, Герман, ОХУ-ын Элчин сайдууд ирж оролцон нүүрс тээвэрлэлт, дэд бүтцийн талаарх өөрсдийнхөө бодлыг илэрхийлсэн.
Нүүрс бас дахин нүүрс хэмээн хошуурч, газрын хэвлий доорх нүүрсээ ашиглах төслүүдийг хэрэгжүүлж, энэ хэрээр олборлолт нэмэгдлээ гэхэд Монгол Улс үүнийгээ хэрхэн экспортлох асуудал толгойн өвчин болж магадгүй гэдгийг гадаадынхан сануулсан юм. Өөрөөр хэлбэл, гадаадынхны зүгээс монголчуудын өөрсдийнх нь хэлэх дуртай “саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ” гэдэг үгийг өөрсдөд нь сануулахаар шийдсэн бололтой.
Монгол Улсын нүүрсний олборлолт өнгөрсөн жил 25 сая тоннд хүрсэн. Үүнээс 18 сая тонныг нь гадагшаа экспортолсон гэх мэдээлэл бий. Тэгвэл ирэх жилээс нүүрсний олборлолт болон экспортын хэмжээг нэмж 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 90 сая тонн нүүрс экспортох боломжтой хэмээн тооцоолж буй.
Жилээс жилд өсөн нэмэгдэх экспортын хэмжээг дагаад тээвэрлэлт, дэд бүтцийн асуудал бэрхшээл үүсгэж болзошгүй байна. Өнөөдрийн ийм нөхцөлд, дэд бүтцийн хангамж хангалтгүй байгаа тохиолдолд олборлолт өслөө гээд Монгол Улсад ашиггүй. Нүүрснийхээ олборлолтыг дагаад дэд бүтцийнхээ асуудлыг зэрэг шийдэхгүй бол дараа нь хүндхэн байдалд орж болзошгүйг харийнхан сануулсан буй.
Тодруулбал, хичнээн хэмжээний нүүрсийг түүхийгээр нь экспортлох, хэдийг нь боловруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох, мөн хэдий хэрийн нүүрсийг хаашаа экспортлох, үүний тулд хаагуур тээвэрлэлт хийх зэрэг асуудал тун бүрхэг байгааг гадаадынхан олоод харчихаж. Хэрвээ Монголын нүүрс тээвэрлэлт болон боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулсан тохиолдолд ямар боломж байгааг ч сонирхож байсан юм. Энэхүү зөвлөлгөөн маргааш өндөрлөнө.