
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг бүрэн эхээр нь гаргаад байгаа. Нууц хэмээн мэдээллэхгүй байсан уг дүгнэлт яагаад гэнэт хэвлэл мэдээллээр цацагдах болов. Ажлын хэсгийнхэн яагаад албан ёсны мэдээлэл хийлгүй хэвлэлд нийтлэх болов?
-УИХ-аас энэ асуудлын талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гол зорилго нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад онц байдал тогтооход хүргэсэн үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэж байсан юм. Бид нар долдугаар сарын 1-нд хууль хяналтын байгууллагууд хэрхэн уялдаатай ажилласан талаарх дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Ажлын хэсгийн зүгээс энэ дүгнэлтийг хэвлэлийнхэнд өгөөгүй. Хэлэлцүүлэх асуудал мөн тусдаа. Тухайлбал, УИХ-ын удирдах байгууллага УИХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг нь шийдвэрлэдэг.
-Дүгнэлтийг бараг жил гаруйн өмнө гаргасан биз дээ. Энэ хугацаанд албан ёсны мэдээлэл гаргаагүй шүү дээ?
-Тухайн үед энэ дүгнэлтэд “нууц” гэх дардастай байсан болохоор мэдээллээгүй юм.
-Одоо тэгэхээр нууц биш болчихсон хэрэг үү. Энэ дүгнэлтийг хаанаас хэвлэлд өгсөн юм бол Аюулгүй байдлын зөвлөл үү, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг үү?
-Би ямар Тагнуулын байгууллага биш яаж мэдэх вэ. Хэвлэл мэдээллийн байгууллагынханд хэн дүгнэлтийг бүрэн эхээр нь өгснийг нь одоогоор мэдэхгүй байна.