
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Ц.Жадамба зэрэг намын удирдлагууд өчигдөр 11 цагаас Яармаг дахь 37-р цэцэрлэгт “4.11” уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлал тогтсон. Сургуулийн өмнөх боловсролыг чухалчилж “4.11” уулзалтыг “Эрдэм боловсролтой Монгол хүн” сэдвээр Ардчилсан намын удирдлагууд нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн багш нартай хамтран хэлэлцүүлэх болсон гэж ардчилсан намын дарга Н.Алтанхуяг онцолж хэлсэн юм. Өнөөгийн байдлаар Хан- Уул дүүргийн 73 дугаар цэцэрлэг нь зургаа, долоо, наймдугаар хорооны хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа аж. Өнөөгийн байдлаар Хан-Уул дүүрэгт улсын төсвөөс санхүүждэг нийт хорин цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Харин Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа 220 мянган хүүхэд байгаа бол тавин мянга нь Улаанбаатар хотод байдаг гэсэн судалгаа гарчээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн үйл ажиллагаанд тулгамдаад байгаа олон асуудал байгаа. Гэхдээ нэн даруй шийдэх шаардлагатай асуудал нь цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулж байгаа байр он цагийн эрхээр өгөршиж муудсан зэрэг олон бэрхшээл тулгарч байгаа талаар уулзалтанд оролцож байгаа цэцэрлэгийн багш удирдлагууд дуу нэгтэй хэлж байлаа. Нөгөөтэйгүүр цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэглэж байгаа тоглоомууд чанар стандартын шаардлага хангадаггүй. Чанар муутай хуванцар материалаар хийсэн тоглоом голдуу байдаг. Гэтэл хүүхдийн хоолны мөнгөний тухайд тодорхой хэсгийг эцэг эхчүүдээр төлүүлдэг байсан. Харин эцэг эхчүүдээс мөнгө татах асуудлыг зогсоосон явдал нь цэцэрлэгийн төсөвт ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн байна. Эцэг эхчүүдээс тодорхой хэмжээний хураамж авдаг байх нь зүйтэй. Энэ асуудлыг эргэж харж цэцэрлэгт хүүхдээ сургаж байгаа өрхийг амжиргааны баталгаажих төвшингөөр нь зааглаж хүүхдийн хоолны мөнгө авдаг байх нь зүйтэй гэж байсан юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн засвар үйлчилгээний төсөвт улсаас нэг жилд 300 мянган төгрөг тусгадаг. Тэрхүү мөнгөөр хэдхэн кг будаг худалдаж аваад дуусдаг. Засвар үйлчилгээ хийх боломж алга гэж Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Дагийсүрэн хэлсэн. Уулзалтанд мөн хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдгээрт тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудал нь хувийн цэцэрлэгт ажиллах багш боловсон хүчин дутмаг байдаг гэсэн юм. Хан-Уул дүүргийн зарим хороонд цэцэрлэгийн байр шинээр барьж байгаа боловч тждгжжрийн чанар талд холбогдох хүмүүс анхаарал хандуулах хэрэгтэй байна. Шинээр барьж буй барилгад хана, тааз, цонх зэрэг нь цэцэрлэгийн байрны стандартад нийцдэггүй тухай 121 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Б.Дэлгэрмаа хэлж байв. Үүнээс гадна төрийн албан хаагчдыг дөрвөн мянган айлын орон сууц хөтөлбөрт хамруулах болсон. Гэвч банкинд нэг сард төлөх мөнгөний босго хэмжээ 300-аас 400 мянган төгрөгөөс эхэлж байгаа болохоор энэхүү босгыг давах боломжийн цалинтай цэцэрлэгийн багш ажилчид маш цөөхөн байна хэмээн нийслэлийн Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Дагийсүрэн хэлсэн юм. Энэ талаар Монгол Улсын Засгийн газар одоогоор ярилцаж байгаа. Гэхдээ асуудлыг шийдсэн гэсэн үг биш хэмээн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг мэдэгдсэн. Хэрэв Засгийн газрын судалж байгаа асуудал шийдэгдэх юм бол төрийн албан хаагчдад дөрвөн мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахаар банкнаас авч байгаа зээлийн хүүг бууруулах аж. Ингэхдээ буурсан хүүгийн зөрүүг засгийн газар хариуцах тухай яригдаж байгаа гэсэн мэдээлэл дуулгасан юм. Хэдийгээр төсөв мөнгө дутагдаж байгаа боловч Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш удирдлагууд сүлжээ үүсгэн хамтарч ажиллаж байгаа аж. Энэ санаачлагыг Ардчилсан намын удирдлагууд дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат уулзалтанд ирсэн багш, эрхлэгчдэд мэргэжлийн холбоо байгуулаад албан ёсоор бидэнд хүсэлт гаргавал илүү үр дүнтэй гэж зөвлөсөн юм.
Б.Алтансүх