М.Энхсайханыг яагаад ажлаас чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

М.Энхсайханыг яагаад ажлаас чөлөөлөв

МҮАН-ын дарга “Монголын төмөр зам” /МТЗ/ төрийн өмчит хувьцаат компанийн захирал М.Энхсайханыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнийг томилсон.  Ийнхүү ажлаас халагдах болсон гол шалтгаан нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай үл ойлголцлоос болсон гэж зарим эх сурвалжууд хэлж байсан.

Тэгвэл асуудлыг тодруулбал, Зам тээврийн сайд А.Гансүх Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржид хандан өчигдөр хүсэлт тавьсан юм байна. Түүнд Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх талаар шинэчлэлийн Засгийн газраас тавьсан зорилт, Зам тээврийн яамнаас барьж буй бодлоготой “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан нь зөрчилдсөн шийдвэр барьж байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү. Харин “Монголын төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирлаар дэд захирал П.Бат-Эрдэнийг томилуулах хүсэлтэй байна” гэснийг ийнхүү Төрийн өмчийн хороо ёсоор болгожээ.

Тавантолгойн ордоос Гашуун сухайт хүртэл татах төмөр замын асуудал ийнхүү эрх баригчдын дунд халуухан тэмцэл өрнүүлж байгаа бололтой. УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хувьд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл өргөн царигтай төмөр зам тавих ёстой гэсэн байр суурь барьж байгаа бол албан тушаалаасаа өнөөдөр чөлөөлөгдөж байгаа М.Энхсайхан нь “Нарийн царигтай төмөр зам тавих ёстой. Төмөр зам тавих ажлыг хамгийн тэргүүнд Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл тэргүүн ээлжинд татах ёстой” гэсэн байр суурь баримталж байсан нь ийнхүү чөлөөлөгдөх үндэслэл болсон байх талтай гэсэн мэдээлэл байгаа. 

УИХ-аас 2010 онд баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод Монгол Улс нь өргөн царигт суурилсан төмөр замтай байна гэж зааж өгсөн. Ийм бодлогын баримт бичиг гаргахад тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар одоогийн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ажиллаж байсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж