
Уг хуулийн “Намын нэр” гэсэн зургадугаар зүйлийг аваад үзье. Хуулийн 6.3-т “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэж анх заасан байжээ. МУИС-ийн багш Х.Сэлэнгэ нарын иргэдийн гомдлоор энэ хэсгийг Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна. Иргэдэд Үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх, үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрхэд саад болсон гэсэн үндэслэлээр Цэц ийм шийдвэр гаргажээ. Намын нэр гэдэг бол хав дарж хадгалдаг зүйл биш гэж Цэц үзсэн байна. Эндээс харвал нэрээ сольсон намын “алдар”-ыг өөр нам ямар ч хаалтгүйгээр өвлөн авч болох мэт.
Гэтэл хэдхэн хуудасны ард тэс өөр агуулгатай нэг заалт гараад ирж байгаа юм. Хуулийн “Намыг өөрчлөн байгуулах, нам нэрээ өөрчлөх” гэсэн 15 дугаар зүйлийн 6-д “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж заажээ. Үндсэн хуулийн Цэцээр “Сольсон нэрийг 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэснийг хүчингүй болгосноос биш хэрэглэхийг үүрд мөнх хориглосон 15.6 гэсэн заалт хүчинтэй үлджээ. Түр хэрэглэж болохгүй гэдгийг хассан байтал хэзээ ч хэрэглэж болохгүй гэсэн утгатай заалт үлдсэн байна.
Үүнээс болоод нам задрах бүрт Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэцийн хооронд бичиг шидэлцдэг жишиг тогтох янзтай. Сая л гэхэд МАН-ынхан 15.6-г бариад МАХН-ыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчихсөн. Намынхаа хуучин нэрийг өгөхгүй гэж тэр. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүгчид мөнөөх оньсого шиг зөрчилтэй хуулийн заалтад “толгой нь эргээд” Дээд шүүх рүүгээ заачихсан. Угаасаа ч Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийг шүүхэд хэрэглэхийг хориглодог тул дээд шатныхаа шүүх рүү хандахаас өөр яалтай билээ. Дээд шүүх ч дүүргийн шүүхтэй ижил байдалд оржээ. Тэгээд Үндсэн хуулийн Цэц рүү бичиг чулуудсан. Цэц “Наад асуудлыг чинь зургаан жилийн өмнө шийдсэн. Нэг асуудлаар хоёр удаа шийдвэр гаргадаггүй” гэчихсэн. Ийм нэг оньсого шиг хуулиар өнөөдөр улс төрийн намуудын үйл ажиллагааг зохицуулж байна. Ядахдаа сонгуулийн өмнөх энэ жил намууд салах нийлэх олширч байгааг хэлэх үү. Таахад хэцүү хуулиар МАХН-ыг бүртгэх эсэхийг шийдэж ядаж суутал Ногоон намын дарга залгаад гараад ирлээ. ИЗН-тай нэгдсэн хэсгээсээ тасарч хуучин намтайгаа үлдэх гэсэн ногоонтнууд яг МАХН-ын замаар оров. Тэдний дүрэмдээ өөрчлөлт оруулах гэсэн хүсэлтийг Дээд шүүх бас л буцаажээ. Мөнөөх л Улс төрийн намуудын тухай хуулийн оньсого шиг заалт түүнд садаа болов.
Намуудын нийлэх салахаас үүдсэн энэ маргаан ч яахав. Улстөрчид аргаа олж л таарна. Энд Дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц ч тайлж тайлбарлахад хэцүү ийм нэг хууль үйлчилж буй юм чинь иргэн хүний үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулдаг өөр хуульд таавар шиг заалтууд байдаг ч байж мэднэ гэсэн сэжиг бас төрөхөөр байгаа юм. Хэрэв тийм бол шударга хүнийг ч гүтгээд хэрэг тулгачихаж мэдэх зөрчилтэй заалтуудтай хуулийг иргэдийн амьдралд мөрдөж байгаа юм биш биз?
Д.ОЮУНЦЭЦЭГ