Өрсөлдөөн ихтэй жүдогийн улсын аварга өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Өрсөлдөөн ихтэй жүдогийн улсын аварга өндөрлөлөө

Шинэ он гараад дөнгөж долоо хонож байхад жүдочид улсын аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн тэмцээний хамгийн гол онцлог нь өмнөхөөсөө илүү өрсөлдөөнтэй байсныг дурдая. Ялангуяа эрэгтэйчүүд нэлээд ширүүн өрсөлдөөний эцэст аваргаа тодруулж байсан. Спорт сонирхогчдодоо жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний тоймыг хүргэе.

Г.Дашдаваагийн түүхэн амжилт

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Г.Дашдавааг спорт сонирхогчид сайн мэдэх биз. Улсын аваргад долоон удаа түрүүлсэн тэрээр энэ удаа жин өгсч 90 кг-д зодоглов. Гэсэн ч залуу тамирчдаас ур чадвар, техникээрээ ялгарч дахин улсын аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн юм. Улсын аваргадаа долоон удаа түрүүлэхдээ дөрвөн өөр жинд түрүү хүртсэн нэгэн. Анх 66, 73, 81, 90 кг-ын жинд тус тус улсын аварга болоод буй түүний энэ амжилтад хүрсэн тамирчин одоогоор алга байна. Нас багагүй ахисан ч залуу тамирчдаас дутахгүй гэдгээ Г.Дашдаваа мастер харуулж чадсан юм.

Дахиад л Цагаанаа…

73 кг-ын жинд зодоглосон Цагаанаа гавьяат багийн төрөлд дахин алтан медаль хүртэв. Тэрээр улсын аваргад нийт долоон барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулсныг онцолж байна. Жингийн шилдэг гэх тодотголтой бүхий л тамирчдыг өвдөг сөхрүүлж чадсан түүгээр спорт сонирхогчид бахархаж байлаа. Эрэгтэй жүдочдын хамгийн бага гурван жинд аварга болсон түүнд “73 кг-ын жин илүү тохирох юм байна” гэж тэмцээн үзэж суусан спортын хүрээнийхэн ярилцаж байна лээ. Түүний эрч хүчтэй барилдаан, өөртөө итгэлтэй зан чанарт Монголын олон жүдоч суралцаасай.

Багийн барилдаан

Багийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 10 баг оролцжээ. Энэ бол том тоо юм. Тэр хэрээрээ өрсөлдөөн ширүүн байсан ойлгомжтой. Тэгвэл Х.Цагаанбаатар тэргүүтэй “Сүлд” спорт хорооны жүдочид өрсөлдөгч бүрээ илт давуу ялж байв. Ялангуяа алтан медалийн төлөөх барилдаанд олимпийн аваргаар ахлуулсан “Женко”-гийн жүдочдыг илт давуу хожсон юм. Хамгийн сүүлийн буюу тав дахь барилдаанд аймгийн арслан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Батсуурь хоромхон зуур ялагдсаныг эс тооцвол шүү дээ.

Б.Ариун-Эрдэнийн рекорд

Олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнийн тэмцээн уралдаанд оролцох нь эрс багассан. Гэхдээ тэр форм сайтай байгаагаа улсын аваргад харуулсан юм. Ялангуяа багийн тэмцээнд “Женко”-гийн нэр төрийн ялалтыг тун богино хугацаанд авав. Барилдаан эхэлснээс хойш ердөө долоохон секундын дотор бүх зүйл дууссан байлаа. Түүний өрсөлдөгч нь Н.Батсуурь байсан. Н.Батсуурийн хувьд тийм ч амархан ялагдаад байх бөх биш. Гэтэл юу болсныг харж амжаагүй байхад, нүд ирмэхийн зуур л Н.Батсуурийг “тэнгэр харуулсан” байв. Спортын төв ордонд цугласан үзэгчид ч гайхаж хоцорсон. Техникийн өндөр ур чадвар харуулсан Б.Ариун-Эрдэнийн долоон секундын ялалт энэ жилийн улсын аваргын хамгийн богино хугацааны хожил болсон юм. Ер нь улсын аваргын дээд амжилт хэдэн секунд байдаг юм бол… Аягүй бол Б.Ариун-Эрдэнийг долоон секундын ялалт байж мэдэх л юм.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөн сонирхол татсангүй

Аливаа тэмцээн уралдаан зайлшгүй шүүмжлэл дагуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тэмцээний шүүмжийн гол бай нь эмэгтэй жүдочид байлаа. Тэднээс уран барилдаан гэхээр зүйл бараг гараагүй. Монголын эмэгтэй жүдочдын нэрийг дэлхийн тавцанд өндөрт авч яваа гавьяат тамирчин М.Бундмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд нар улсын аваргыг өнжсөн нь тэмцээнийг уйтгартай болгоход нөлөөлсөн биз. Тэднийг эзгүйчилж Д.Сумъяа өөрийн ур чадварыг бүрэн харуулж энэ жилийн шилдгээр шалгарав. Бас 52 кг-ын жинд М.Уранцэцэг, Б.Балжинням нар аваргын төлөө өрсөлдсөн. Хэрвээ М.Бундмаа байсан бол энэ хоёрын нэг нь хүрэл медаль дээр буух байсан биз.

Эцэст нь олимпийн алт, мөнгөн медальтны сюрприз

Лондоны олимпоос мөнгөн медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монголын спорт сонирхогчдодоо хүндэтгэл үзүүллээ. Түүний үзүүлсэн хүндэтгэл, бас гэнэтийн бэлэг нь улсын аваргад зодоглосон явдал байв. Хэдийгээр бэртэлтэй ч гэсэн Түвшээ аварга техникийн өндөр ур чадвар гаргаж олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаярыг буулгаж авсан юм. Олимпийн хос медальтныг барилдахаар кимонотой гарч ирэхэд Спортын төв ордонд уухайн дуу хадаж, аваргаа угтав. Ямартай ч Н.Түвшинбаяр аварга өөрийгөө зодог тайлах болоогүй гэдгээ дахин нэг зарлалаа. Тэрээр удахгүй хөлөндөө эмчилгээ хийлгэхээр “Сэм авга”-ын нутгийг зорих гэж байгаа юм.

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж