ТАЗ-ийн даргаар Б.Цогоог томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

ТАЗ-ийн даргаар Б.Цогоог томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Цогоог томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэлхамыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхиор дэмжиж үүрэг ажлаас нь чөлөөллөө. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80,7 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүд шинээр томилогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоод хандан төрийн алба гэдэг улстөрөөс ангид байх ёстойг анхааруулав. Мөн төрийн албанд танил тал, хамаатан саднаар бүрдүүлдэг тогтолцоо МАН-ын Засгийн үед ч, одоо ч байгаа гэдгийг зарим гишүүд онцолж байсан. Ялангуяа орон нутагт нам дагаж хуваагдах, халаа сэлгээ их байдаг тиймээс үүнд анхаарлаа хандуулах саналыг ч гишүүд хэлэв. Шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг нийтийн алба болгох асуудлыг хөндөж буй. Тиймээс Төрийн албаны тухай хууль, сонгон шалгаруулалтад анхаарах нь чухал гэдгийг гишүүд онцолсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнгөрсөн таван сарын хугацаанд Төрийн албаны зөвлөлийн гишүүд алхам тутамдаа хууль зөрчсөөр байна. Шинээр томилогдсон Засаг дарга нар ч зөрчиж байгаа юм. УИХ-д ч гэсэн ийм зүйл байгаа. Аймгийн Засаг дарга нарыг түр орлон гүйцэтгэх гэдэг албан тушаал байхгүй болсон. Гэтэл өнөөдөр зургаан аймгийн Засаг дарга нарыг түр орлон гүйцэтгэгч томилох гэж байгаа нь мөн Төрийн албаны хуулийг зөрчиж байна гэсэн үг. Төрийн хүн шиг ажиллаасай гэж хүсч байна” гэлээ.

Д.Оюунхорол гишүүн “Төрийн албан хаагчдын ур чадварын асуудал, тогтвортой ажиллах нөхцөлд нөлөөлөх зайлшгүй шаардлагатай болсон. Хөдөө, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг тусгай сургалтад хамруулах, тэдний цалингийн хэмжээг шинэчлэх зэргийг эрх зүйн талаас нь анхаарч ажиллахыг тусгайлан сануулъя. Сайн дураараа хөдөө, орон нутагт ажиллах төрийн албан хаагч дутагдаж байгаа. Тиймээс энэ чиглэлд тодорхой эрх зүйн зохицуулалт хийвэл орон нутаг төрийн албан хаагчдаар дутагдахгүй гэдгийг онцолмоор байна” гэв.

Сү.Батболд “Шинээр томилогдож байгаа даргад, мөн эрх баригчдад нэг зүйлийг хэлье. Хүн ам цөөнтэй, боловсон хүчний чадвар мэргэшил нь өргөн сонголттой бус, жижиг оронд төрийн алба нь өөр байдаг. Улс төрийн намуудын өөрчлөлтөөс болж цөөхөн бэлтгэгдсэн боловсон хүчнээ өөрчлөөд байх бус, илүү тогтвортой ажиллуулах, чанартай байлгах талаас нь судалж, үзээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн албыг тогтвортой байлгах, мэргэшсэн чанартай төрийн албыг бий болгох нь зүйтэй гэдгийг МАН-ын Засгийн газрын үед авч хэрэгжүүлж байсан юм. Нэгэнт эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Өөрсдийн онцлогт тохируулан гадныхны туршлагыг авах нь зүйтэй юм” гэлээ.

Шинээр томилогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нь 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм байна.

ТАЗ-ийн даргыг томилсноор УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, хуралдааныг 15.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж