
Хууль зүйн яамнаас Гэрч хохирогчийн эрхийг хамгаалах тухай, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулийн төслүүдийг шинээр боловсруулснаа өнөөдөр Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан юм. Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд, яамны удирдлагууд болон дээрх хуулийн төслүүд дээр ажилласан ажлын хэсгийнхэн оролцож, иргэд олон нийт, хараат бус хуульчдыг оролцуулан хуулийн төслүүдээ танилцуулж нээлттэй хэлэлцүүлэх байжээ.
Шинээр боловсруулсан Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөлд гэрч болон хохирогчдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах арга замуудыг хуульчилж, түүнд шаардлагатай төсвийг ч бас суулгаж өгөхөөр болсон байна. Тухайлбал, онц хүнд гэмт хэргийн гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэр, хаягийг нууцлах, оршин суугаа хаягийг нь өөрчлөх, нүүлгэн шилжүүлэх болон шаардлагатай тохиолдолд дүр төрхийг нь өөрчлөх хүртэл арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгажээ.